m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.18 03:28
500
Эх орноо элгэндээ тэвэрч, зүрхэндээ тээдэг байлдагчдаараа бахархъя

Ялагдашгүй зоригт, мохошгүй хүчит дайчин эрсээ дурсъя. Эх орноо элгэндээ тэвэрч, зүрхэндээ тээдэг байлдагчдаараа  бахархъя.

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан "Масс агентлаг"-ын сурвалжлах баг цэргийн амьдралын нэг өдрийг сурвалжлахаар БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 186 дугаар ангийг зорилоо. Цэргийн амьдралтай танилцах багын мөрөөдөл минь тэр өдөр л биелсэн юм.

 

Ийн Улаанбаатараас 400 гаруй км-ийн зайд орших  Маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангид очиход ангийн удирдлагууд биднийг халуун дотно хүлээж авлаа.

Цэргийн амьдрал өглөө нар мандахаас өмнө эхлэх бөгөөд цагийн хуваарийн дагуу зохион байгуулалт дунд өрнөнө. Энэ жил түүхт 80 жилийн ойтойгоо золгож буй тус анги эгнээнээсээ Монгол Улсын баатар дөрвийг төрүүлсэн алдар түүхтэй. Тиймдээ ч 186 дугаар ангид алба хааж буй хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид сүр жавхаатай харагдана.

186 дугаар ангид алба хааж буй хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид сүр жавхаатай харагдана

Дашрамд дурдахад биднийг сурвалжлага бэлтгэхээр очсон тэр өдөр нэг, хоёрдугаар сард төрсөн байлдагчид төрсөн өдрөө тэмдэглэж байлаа. Энэ үеэр төрсөн өдрөө тэмдэглэж буй 16 цэрэг тусгайлан зассан баярын ширээнд уригдаж, ангийн хамт олон нь тэдэнд зориулж урлагийн номероор мэндчилгээ дэвшүүлж байгаа нь хамгийн дурсамжтай мөч байв. Тус ангиас байлдагчдийнхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг жаяг аль хэдийн тогтжээ.

Тус ангиас байлдагчдийнхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг жаяг аль хэдийн тогтжээ

Энэ үеэр төрсөн өдрөө тэмдэглэж буй байлдагчдийн төлөөллөөс баярын сэтгэгдлийг нь сонслоо.

Байлдагч Ц.Хатанбүүвэй: Миний амьдралын дурсамжийг нэгээр нэмлээ

- Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Хэдэн сард төрсөн бэ?

- Баярлалаа. Би хоёрдугаар сарын 23-нд төрсөн.

- Өнөөдөр мөр зэрэгцэн алба хааж байгаа цэргүүдтэйгээ баяраа тэмдэглэж байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

- Маш их баяртай байна. Цэргийн ангид анх удаа төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байгаа нь миний амьдралын дурсамжийг нэгээр нэмлээ.

- Ангийн удирдлагууддаа хандаж юу хэлмээр байна?

- 186 дугаар ангийн удирдлагууд болон баярын ширээ засаж амттай хоолоор дайлсан тогооч эгч нартаа баярлалаа.

Байлдагч М.Мөнхбат: Манай ангийн хоол амттай

- Баярын мэнд. Өнөөдрийн үдийн хоолны цэс амттай бөгөөд онцлог харагдаж байна?

- Баярлалаа. Би хоёрдугаар сарын 14-нд төрсөн. Төрсөн өдрийн баярын ширээ гэлтгүй манай ангийн бүх хоол амттай. Харин өнөөдөр баярын ширээнд олон төрлийн амттан нэмэгдсэн байна./инээв/

- Цэргийн хоол амттай гэж ойлгож болох нь ээ?

- Тэгэлгүй яахав. Бид өдөрт дөрвөн удаа хооллодог. Мөн өөрсдийн барьсан талхаа хүнсэндээ хэрэглэдэг.

 

Анх удаа армид төрсөн өдрөө тэмдэглэсэн тэдний хувьд мартагдахааргүй мөчүүдийн нэг байсан нь гарцаагүй.

Баяр хөөр дурсамж үлдээсэн мөчүүдийн дараа байлдагчид цэргийн сургуулилтдаа гарлаа. Өдөрт дөрвөн цагийн сургуулилт хийдэг байлдагчид их зүйл сурч буйгаа онцолж байв.

 Дэд түрүүч Б.Тэмүүлэн: Цэргийн хүн болно

- Чиний хувьд цэргийн алба хаахын онцлог давуу талыг юу гэж боддог вэ?

- Эр хүн болж төрснийхөө үүргийг биелүүлж байна.  Цэргийн албанд ирэхээсээ өмнө бага зэрэг залхуу байсан шүү. Харин цэргийн алба хааснаар ажилч хичээнгүй, тэвчээртэй, хариуцлагатай, хүнээс үг сонсч сурсан.

- Цэргийн алба хаах саналыг өөрөө гаргасан уу?

- Тэгэлгүй яахав. Саналаа аав, ээждээ хэлсэнээр дэмжиж 186 дугаар ангид хуваарилагдсан.

- Албаа хаагаад цаашид юу хийх төлөвлөгөөтэй байна?

- Цэргийн албаа нэр төртэйгөөр хааж цаашид цэргийн хүн болно. Өмнө  нь би Дархан-Уул аймгийн ТИС-ын нэгдүгээр курст суралцаж байсан.

-Цэргийн амьдралын сайхнаас хуваалцахгүй юу. Эр хүнийг хэрхэн хүмүүжүүлж байна?

- Хувь хүнийг маш сайн төлөвшүүлдэг. Гэр бүл зохиохоос эхлээд хувийн зохион байгуулалт болон хариуцлага хүлээх чадварыг олгодог.

Эр хүн болж төрснийхөө үүргийг биелүүлж байна

Түрүүч Б.Тэмүүлэнтэй цөөн хором ярилцсаны дараа 186 дугаар ангийн Харуулын  хотхоныг зорилоо. Энэ үеэр байлдагчид мөн л  харуулд гарах дадлага сургуулилт хийж байсан юм.

Байлдагч нЛутбаяр, н.Бямбажав: Харуул гэдэг тайван цагийн байлдааны үүрэг гүйцэтгэдэг

- Та хоёрын хувьд сая харуулд гарах дадлага сургуулилтаа хийж байна. Хэзээнээс харуулын сургуулилт хийх ёстой байдаг вэ?

- 2-3 хоногийн өмнө бэлтгэл хийж 24 цаг харуулд гардаг.

- Харуулд гарч байгаа цэрэг ямар үүрэг хүлээдэг вэ?

- Хамгийн гол нь сонор сэрэмжтэй, тэвчээртэй байх хэрэгтэй. Энэ нь нэг ёсны үүрэг хариуцлага юм. Ер нь харуул гэдэг тайван цагийн байлдааны үүрэг гүйцэтгэдэг.

Харуул гэдэг тайван цагийн байлдааны үүрэг гүйцэтгэдэг

Байлдагчид ийн хуваарилагдсан чиг үүргийнхээ дагуу дадлага сургуулилт хийсний дараа өдрийн хоолондоо орно. Үргэлжлүүлэн тэдний чөлөөт цаг эхэлнэ.

Чөлөөт цагаараа цэргүүд ном уншиж, өврийн дэвтрээ хөтөлнө. Зарим нэг нь шатар даам тоглож, шагай харвана. Мөн нэг хэсэг нь захны даавуугаа хадаж, гутлаа тослож цагийг үр бүтээлтэй өнгөрөөж буй нь энх цагийн байлдагчийн нэг өдрийн амьдралын хэсэг.

Чөлөөт цагаараа цэргүүд ном уншиж, өврийн дэвтрээ хөтөлнө

Энэ үеэр тус ангийн байлдагч Н.Төгөлдөр хайрт ээжээсээ ирсэн захиаг цовоо цолгин уншиж сонирхууллаа. Түүний ээж хүүдээ “Ижийн хүү тун зөв явбал дүү нар нь гаргасан зам мөрөөр нь сайн явна шүү. Миний хүү цэргээс халагдаад ямар чиглэлээр суралцахаа эргэцүүлж сайн бодож зөв шийдвэр гаргаарай. Чи чаднаа” хэмээжээ.  

Ижийн хүү тун зөв явбал дүү нар нь гаргасан зам мөрөөр нь сайн явна шүү

Н.Төгөлдөр:Ээж минь үргэлж надад захиа явуулдаг

- Би 2015 оны хоёрдугаар ээлжээр буюу өнгөрсөн аравдугаар сард цэргийн албанд татагдсан. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт ээж дүү нартайгаа амьдардаг. Цэргийн алба хаах маш сонирхолтой. Анх дасахгүй байсан ч одоо бүх зүйл хэвийн болсон доо. Гэрээсээ холдож үзээгүй байсан ч тэрүү сэтгэл хоёрдох үе байсан. Харин өнгөрсөн таван сарын хугацаанд олон зүйл сурч мэдлээ. Ээж минь үргэлж надад захиа явуулдаг. Захиандаа урмын сайхан үг, үнэтэй зөвлөгөө, амьдралын сургамжуудыг бичиж илгээгдэг. Би ээжийнхээ бичсэн тэр л үгсийг үргэлж санаж явна. Энэ дашрамд ээждээ клиникийн профессор болсонд баяр хүргэе. Хүү нь албаа нэр төртэйгөөр хаагаад ээжийнхээ захиснаар мэргэжлээрээ сайн сурч эх орондоо хэрэгтэй хүн болно гэж хэлье.

Би ээжийнхээ бичсэн тэр л үгсийг үргэлж санаж явна

Наян жилийн түүхтэй Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 186 дугаар ангид өнгөрүүлсэн энэ л өдөр дуу хуур, дурсамж яриа, халуун дулаан уур амьсгал дунд өнгөрлөө. Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.