m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.01 03:08
1326
А.Бат-Эрдэнэ: Шог зураг бол ард түмэнд үйлчилдэг зарц

Олон Улсын Инээдмийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. “Масс зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор шог зураач масс.мн сайтын нийтлэлч А.Бат-Эрдэнийг урьж уран бүтээл, улс төр, боловсролын өнөөгийн байдлыг шог зурагт хэрхэн дүрсэлдэг талаар ярилцлаа.

- Сайн байна уу. Юуны түрүүнд улс төрийн шог зургийн талаар ярилцлагаа эхэлье?

- Ер нь улс төрийн шог зураг сэтгэлээс гарах ёстой. Захиалгаар зурна гэдэг аливаа нам эвслийн үзэл баримтлалд баригддаг учир өөрийн бодол гарч ирэхгүй. Харин өөрийн бодлоос шог зургаа илэрхийлдэг. Улс төрийн өнөөгийн байдал сэтгэл эмзэглүүлж байна.

Улстөрийн өнөөгийн байдал сэтгэл эмзэглүүлж байна

- Тэгвэл та улс төрийн шог зургандаа ямар санааг харуулахыг зорьдог вэ. Чухам юу таны сэтгэлийн эмзэглүүлж байна?

- Хамгийн гол нь хүмүүний оюуны сүйрэл явагдаж байгаа нь санаа зовоодог. Монгол улс худалдагдах гэж байгаа талаар олон нийт ярьж байна. Сүүлийн үед мүүний асуудал болон цөмийн хаягдлыг булшлах гэх мэт үндэсний аюулгүй байдалтай холбоотой олон асуудлуудыг нэрлэж болно. Эдгээрийг харсаар байж оролцохгүй байж чадахгүй нь.  

Харсаар байж оролцохгүй байж чадахгүй нь

- Шог зургийг хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

- Зарим хүмүүс шог зураачдыг хүний муу үзэж, муу ёрлож байна хэмээдэг. Харин ч бид болохгүй байгаа асуудлыг урьдчилан сануулах үүрэгтэй.   Аливаа улс шог зураачдаа ажиглаж, сонсдог. Тэдний зурсан зүргаар юу хэлээд байгааг нь анзаардаг. Гэтэл манай улсад шог зураачдыг болдоггүй нөхдүүдэд гэж хүлээж авдаг бөгөөд “унтаа” байдалд оруулах санаатай байгаа гэж боддог. Өөрөөр хэлбэл шог зураачдад нүүр өгч болохгүй хэмээн ойлгодог. Биднийг анзаарахгүй дүр эсгээд ч байгаа юм уу. Эсвэл хөгжүүлэх сонирхол төрдөггүй байж болох юм.

Бид болохгүй байгаа асуудлыг урьдчилан сануулах үүрэгтэй

- Шог зургийг анзаарахгүй байгаа хэрнээ анзаараад байх шиг?

- Анзаар ч байна л даа. Нэг хэсэг шог зураачид зогсонги байдалд орсон бол одоо харин дуу дуугаа авалцаж эхэллээ. Аливаа улс үндэстний хэцүү үед шог зураачид үүргээ гүйцэтгэхгүй бол хэн бурангуй зүйлийг олж гэгээрүүлэх вэ.

- Шог зургийг үзэхээр таны хэлсэнчлэн аливаа зүйлийн голыг олоод зурсан нь ажиглагддаг. Ач холбогдол нь юунд байна?

- Тэгэлгүй яахав. Товчхондоо том нийтлэл унших гэж уншигчид ядарч байна. Харин ганцхан зайнд үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаасан мэт час хийтэл зурахад үр нөлөөгөө өгнө. Шог зургийн гол ач холбогдол нь л энэ. Социализмийн үед шог зураг байр сууриа эзэлж байсан. Тухайн үеийн шог зураачид  соён гэгээрүүлэх тодорхой үүргийг гүйцэтгэж байлаа.  

Ганцхан зайнд үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаасан мэт час хийтэл зурахад үр нөлөөгөө өгнө

- Тэгвэл та сүүлийн үед улс төрийн шог зураг ихэвлэн зурж байгаа бололтой?

- Тийм шүү. Улстөрөөр голлохын сацуу хүмүүсийн нөхөрсөг шог зурагнуудыг зурж байна. Ер нь хүн инээлгэнэ гэдэг хэцүү. Би зурагнууддаа ёгт, хахир инээд шингээхийг эрмэлздэг. Энэ нь миний барил. Цагаахан инээдтэй зураг зурж чаддаггүй.  

Цагаахан инээдтэй зураг зурж чаддаггүй

- Шог зураачдад зах зээл байна уу?

- Би шог зураач ажилд авна гэсэн зар гуч гаруй жилийн хугацаанд огт хараагүй. Намайг хэн ч гуйдаггүй. Өөрсдөө ч очих дургүй. Учир нь хүмүүсийн эрх ашгийн төлөө үйлчлэх шаардлага тулгардаг тул өөрсдийн ажлын байр, орлогоо бий болгодог.

Би шог зураач ажилд авна гэсэн зар гуч гаруй жилийн хугацаанд огт хараагүй

- Шог зургийг дээд албан тушаалтнууд хүлээж авахдаа хойрго ханддаг ч иргэд маш сайн хүлээж авдаг шүү дээ?

- Хамгийн гол нь иргэд хүлээж авах нь чухал. Шог зураг бол ард түмэнд үйлчилдэг зарц.

- Нөхөрсөг шог зурахын тулд юуг анхаарах ёстой вэ?

- Судалгаа чухал. Нөхөрсөг шог зурахын тулд баатраа сайн судалснаар чанар нь гарч ирдэг.

- Та боловсролын салбарыг багагүй шүүмжилдэг. Тэр дундаа сурах бичгийн талаар?

- Боловсролын яамны харьяа  Ном, сурах бичгийн газар гэж байсан. Тус газарт мэргэжлийн шог зураачид ажилладаг байлаа. Дэлхийн хандлага шог зураачдаа дайчилж боловсролын салбарыг хөгжүүлж байна. Гэтэл өнөөдөр шог зураачид ажилгүй явж байдаг. Өмнө нь сурах бичгийн шог зураачдаар н.Цог, н.Доржготов, н.Идэрхангай, н.Батсуурь. Ц.Баадий, В.Одгийв нар ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр ашиглаж байгаа модон сургалтыг хүүхдүүд сонирхохгүй.  Тиймээс сурах бичгийг сонирхолтой болгох нь юу юунаас чухал.  Хэрэв би сурах бичгийн зургийг зурсан бол сонирхолтой комик аргыг нэвтрүүлэх байсан.

Дэлхийн хандлага шог зураачдаа дайчилж боловсролын салбарыг хөгжүүлж байна

- Хүүхдүүдэд комик хэлбэрийн ном, сурах бичиг сонирхолтой гэдгийг мэдмээр юм?

- Цаг үеийн дарга нарт хэрэгжүүлэх сонирхол алга. Мэдсэн  ч мэдээгүй юм шиг өнгөрөөдөг гэж би хэлсэн. Хэрэгтэй зүйлд нь чаддаг юмыг нь ашигладаггүй.  Завсраар нь хэвлэх үйлдвэрүүдийг олноор нь тэжээсэн. Тэдэнд мөнгийг нь хувааж  идэх нь ашигтай. Одоо сурагчдын хэрэглэж байгаа сурах бичгүүд шинжлэх ухааны том роман мэт зузаан байдаг. Хүүхдийн нугас,  нуруу яаж тэсэх вэ.

Цаг үеийн дарга нарт хэрэгжүүлэх сонирхол алга

- Залуучууд шог зураг зурах хандлага хэр байна?

- Зурахгүй байна. Шог зураг тасрахад ойрхон байна гэж хэлэхэд хатуудахгүй. Гэхдээ залуус алаг цоог зурдагч урдахаа судалдаггүй. Мэргэшээгүй байна. Залуус шог гэдгийг юуны түрүүнд ойлгох хэрэгтэй.

- Та шог зураг зурахын хажуугаар юу хийж байна?

- Ямартай ч шог зураг зурахын хажуугаар “Мөөжөө Жөөжөө” комик номоо эхлүүллээ. Мөн зохиолчдын номны зургийг өөрийн хүү болон яруу найрагч н.Батжаргалын хүү Б.Түшигтэй хамтарч хийж байна. Энэ хоёр баруун, зүүн гар минь.

- Хүүхдүүд нь шог зураг зурах уу?

- Хүү зурдаг байсан. Би дургүйцээд зурахаа больсон. Охин ч зурдаг. Би тухайн үед дургүйцсэн ч  одоо харамсдаг. Гэхдээ хүү маань шог зураач биш ч компьютерийн мэргэжил эзэмшээд дижитал зураг зурж байна. Шог зураг зурдаг чадвар удамшдаггүй. Шог зураг бол сэтгэлгээгээрээ илүү. Сэдэв олно гэдэг хамгийн чухал. Надад олон захиалга ирдэг ч урлагаа цэвэр байлгахыг хүсдэг.  Бид жудагтай, ёс зүйтэй байх хэрэгтэй.

- Хамгийн сүүлд ямар шог зураг зурав?

- УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хархнууд тойрч байгаагаар зурлаа. Х.Баттулгыг хоточ банхраар төсөөлсөн.  

- Шог зургийн ач холбогдол болон  өөрийн үзэл бодлоо хуваалцаж сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

- Баярлалаа. Танай хамт олонд  ч мөн ажлын амжилт хүсье.

Х.Баттулгыг хархнууд тойрч байгаагаар зурлаа. Х.Баттулгыг хоточ банхраар төсөөлсөн