m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.04 06:25
276
Л.Энх-Амгалан: Би ямар ч дуу мэддэггүй

Нисванис хамтлагийн 20 жилийн ой энэ жил тохиож буй.  Пост грант, пост панк чиглэлээр уран бүтээлээ туурвидаг тус хамтлагийн дөрөв дэхь цомгийн нээлт өнөөдөр болсон юм. Энэ үеэр  хамтлагийн дуучин Д.Энх-Амгалантай ярилцлаа.

-Юуны түрүүнд шинэ цомгоо өлгийдөж авсанд баяр хүргэе. Өвөрмөц нэртэй цомог маань танай хамтлагийн 20 жилийн ойтой давхцаж гарч байна. Яагаад ийм нэр өгөх болсон бэ?

-Яг үнэндээ цэвэр хөрөнгө мөнгөний асуудлаас болоод ийм нэр өгсөн л дөө. \Инээв\ Би уг нь “Сэтгэл хөдөлнө” гэдэг дууныхаа нэрээр нэрлэх гэж байсан юм. Тэгсэн продюсорлох найз маань наадах чинь арай биш ээ “Номин талс”-ынхан л цомогтоо ийм нэр өгнө. Ийм нэр өгвөл продюсорлоргүй гээд. Тэгээд л “Гар хангалга” гэж нэрлэсэн.

Яг үнэндээ цэвэр хөрөнгө мөнгөний асуудлаас болоод ийм нэр өгсөн л дөө. \Инээв\

-20 жилийн хугацаанд нийтдээ дөрвөн цомог гаргасан байна. Энэ цомгийн онцлог юу вэ, юуг хэлэхийг зорив?

- Анх манай хамтлаг гарч ирэхдээ л арай өөр, өвөрмөц байхыг хичээсэн. Хамгийн анхны цомогт орсон Эмийн сан руу алхсан нь , Сургууль нураасай гэх мэт дуунууд маань их эрс шийдэмгий сэдвүүдийг хөндөж байсан. Үүнээсээ ч бид кайф авдаг. Энэ "Гар хангалга"дууны шүлгийг Б.Галсансүх бичсэн. Наструбац гэдгийг нь монголчилсон л доо. Нөгөөтэйгүүр ийм нэртэй цомгийг Нисванисаас өөр хамтлаг гаргахгүй болов уу гэж бодож байна. Ийм сахилгагүй, эрс шийдэмгий сэдвүүдийг хөнддөгтөө хувьдаа сэтгэл ханамжтай байдаг.

-10 жилийн дараа дахиад цомог гаргалаа. Тэгвэл цаашид ямар төлөвлөгөөтэй байна. Дараагийн цомог хэзээ гарах бол?

-Тав дахь цомог маань бас их сонин нэртэй гарна. Эхний дуунууд гараад эхэлчихсэн.  Нис нис фестивалийн дараа шууд дараагийн цомгийн ажилдаа орно. Ес юмуу 10 сард гарчихна гэж найдаж байна. Яагаад гэхээр 10 жил юу  ч хийгээгүйгээ нөхөөд нэг жилд хоёр цомог гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна. Тав дахь цомгийн нэр нь “Сэтгэл мэдрэлийн өвчтөн”.  Дотоо нь Ужиг бодлын синдром, Зожигийн далай, Агуу ихийн дэмийрэл гэх мэт дуунууд нь эхнээсээ гарсан.  Нууцаа задаллаа шүү.  Бидний хувьд залуу хүмүүс учраас энергичний цомог гаргах төлөвлөгөөтэй байна. Энэ цомгоо хийж дуусгаад л цаашдаа “засарья” зөөлхөн, зөөлхөн дуунууд гаргая гэж бодож байна. Насаа бодсон ч гэсэн. \Инээв\

Энэ цомгоо хийж дуусгаад л цаашдаа “засарья” зөөлхөн, зөөлхөн дуунууд гаргая гэж бодож байна

-Нисванис хамтлаг байгуулагдаад 20 жил боллоо. Тэгвэл хэзээ "За бид чинь нэг хамтлаг шиг хамтлаг боллоо шүү" гэж бодсон бэ?

-Анхны цомгоо гаргаад л тэгж бодсон.

-Яруу найрагч, уран бүтээлчидтэй их ойр хамтарч ажилладаг шүү дээ.  Энэ нь уран бүтээлд чинь их нөлөөлдөг байх?

-Тэгэлгүй яахав. Яруу найрагч Б.Галсансүх миний багын найз. Найз маань бидний оюун санааны удирдагч гэж хэлж болно. Мөн олон сайхан зураач, яруу найрагч, сэтгүүлчидтэй найз л даа. Тэднийхээ энэ өвөрмөц сэтгэлгээг уран бүтээл болгож байдагтаа баяртай байдаг.

Өвөрмөц сэтгэлгээг уран бүтээл болгож байдагтаа баяртай байдаг

-Дууныхаа үгийг та ихэвчлэн өөрөө зохиодог. Яагаад тэр вэ?

-Анх хамтлаг байгуулахдаа би нэг зүйл тохирсон юм. Дууны үгийг би хариуцна гэж. Яагаад гэхээр би дуулж байгаа учраас өөрөө бичиж, юу дуулахаа өөрөө шийдэхээс өөр аргагүй болсон. Хөгжмийн тал дээр бол харин би оролцдоггүй. Дууны үгэнд хамтлагийн үзэл бодол, философи байдаг учраас удирдан чиглүүлэх үүрэг надад оногддог. Үүргээ ч чадах чинээгээрээ сайн биелүүлдэг гэж боддог шүү.

-Тэгвэл бусад яруу найрагчдын шүлгийг яаж сонгодог вэ?

-Хүний шүлгэн дээр дуу хийх хэцүү л дээ. Яагаад гэхээр таалагдах, таалагдахгүй, манай хамтлагт зохих зохихгүй гэж байна. Тэгэхээр Б.Галсансүх, Б.Эрдэнэ-Солонго хоёр найзынхаа шүлгийг л сонгодог. Өөр хүнээс шүлэг бараг авдаггүй дээ.

-Танай  хамтлагийн дуунууд их хүнд. Тэгэхээр төдий хэмжээний шүүмжлэлүүд ирдэг байх?

-Тийм шүү. Энэ чинь одоо юу вээ, ийм хачин энээ тэрээ гээд л. Мэдээж энэ бол ирэх л ёстой дайралт л даа. Нэг талаасаа бид нар сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байдаг. Нөгөө талаараа бид нар зөв зүйл хийж байгаа гэдэгтэж бат итгэлтэй байдаг.

-Жишээлбэл анх Сургууль нураасай гэдэг дуу гарч байхад ямар шүүмжлэл ирж байсан бэ?

-Тэр бол ёстой аймшигтай юм болж байсан дөө. Тухайн үед шар хэвлэл их хүчтэй байсан. Буруу ойлголт, довтлолт их ирж байсан.  Сургууль нураасай гээд нэг их байшин барилга буулгаад байсан юм байхгүй шүү дээ. Тухайн үеийн оюутны нэг өдрийн амьдралыг, монголын боловсролын системийг л шүүмжилж байсан юм.

Сургууль нураасай гээд нэг их байшин барилга буулгаад байсан юм байхгүй шүү дээ

-Цомогт орсон дуунуудаа клипжүүлэх үү?

-Тэгнэ. Гар хангалга, Цаг хугацаа бүгдийг эмчилнэ, Сэтгэл хөдөлнө гээд груван дууны клипийг албан ёсны youtube сувгаас үзэж болно. Удахгүй Аабан, бээбэн дуугаа клипжүүлнэ.

-Телевизээр цацагдахад мэдээж төвөөгтэй байх?

-Тийм ээ. Одоо бол телевизээр цацахгүй байсан ч бид нар гомдохгүй л дээ. Сонирхож байгаа хүмүүс нь олоод үзчих байх гэж найдаж байна. Зурагтаар гарах талаар бол горьдоод ч хэрэггүй л дээ.

-Анх байгуулагдаж байхад нийгэм байтугай эцэг, эх тань ч хүлээж авахад хэцүү байсан байх?

-Тийм ээ. Болиоч ээ л гэж байсан. Аав, ээж хүртэл гайхаад чи чинь одоо нөгөө сургууль соёлоо яасын гээд Эрдэнэтээс яриад байдаг. Би чинь уг нь төгөлдөр хуурын багш мэргэжилтэй хүн. СУИС-ын найрал дууны удирдаачийн ангид сурч байгаад гэнэт л рок болоод явчихсан. Аав ээж юу хийгээд байна аа гээд их айж сандарч байсан. Амралтаараа Нирвана, Шерил Кровын дуунуудыг аваачиж сонсгож байсан. Тэгээд сонсоод их гоё юм байна гэж байсан.

Гэхдээ удаан сонсвол түүндээ автчих болохоор их сонсдоггүй

-Та өөрөө ямар төрлийн дуучдыг сонсдог вэ?

-Дуу зохиодог хүний хувьд болж өгвөл бүх төрлийн дууг сонсохыг боддог.  Гэхдээ удаан сонсвол түүндээ автчих болохоор их сонсдоггүй. Би ямар ч дуу мэдэхгүй л дээ.

-Рок хөгжмийг товчоор тодорхойлбол?

-Эрч хүч.

-Фенүүдээс ирж байсан хамгийн цочирдом зүйл юу байсан бэ?

-Нэг залуу тайзан дээрээс татаж унагааж байсан.

-Рок хөгжим сонсдог залуучууд ихэвчлэн урт үстэй байдаг. Таны хувьд яагаад үсээр ургуулдаг вэ?

-Ер нь бол сүртэй шүү дээ. Миний хувьд би нилээн ичимхий хүн л дээ. Тэгээд дуулж байхдаа үсээ нүүр рүүгээ унжуулчихаар царай харагддаггүй байхгүй юу. \Инээв\ Хүмүүсийн сэтгэл хөдлөл царайнаас харагддаг шүү дээ. Тийм болохоор царайгаа нууна, өөр ч бас олон давуу тал байгаа л даа.

Дуулж байхдаа үсээ нүүр рүүгээ унжуулчихар царай харагддаггүй байхгүй юу

- Хамгийн сүүлд энэ сарын 9-нд Нис нис фестивалийг зохиох гэж байгаа талаараа мэдээлэл өгвөл?

-Манай хамтлаг 1999 оны дөрөвдүгээр сарын 9-өөс хойш хамтлагийнхаа төрсөн өдрийг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд хамтлагийн 20 жилийн ойтой давхцаж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд үе, үеийн төлөөлөл болсон 20 хамтлаг оролцоно. Тодруулбал Харанга, Хурд, Аясын салхи, Шар айраг гэх мэт. Тоглолт маань өдөр 15.00 цагт эхлээд шөнийн 01.00 цагт дуусах хуваарь гарсан байна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа.