m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.20 05:58
142
Баянгол дүүрэг баялаг бүтээгчдийн саналыг бодит ажил болгож эхэллээ

Баянголд дүүргийн баялаг бүтээгчдийн хоёрдугаар бизнес форум өнөөдөр боллоо. Бизнес форумд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа болон 100 гаруй баялаг бүтээгч оролцлоо. Баянгол дүүрэг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлаж өнгөрөгч оны 11 сард анхны уулзалтаа зохион байгуулсан. Уг уулзалт зөвлөгөөнөөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Баянгол дүүргийн салбар зөвлөлийн тэргүүлэгчдийг сонгож, зөвлөгөөнөөс гарсан санал, уриалгыг дүүргийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ " УИХ-аар жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хэрэгтэй нэг чухал хууль бий болно. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага бүх аж ахуйн нэгжүүдийн албан татварыг 90 хувь хөнгөлөх заалт орох гэж байгаа. Урьд нь 10 хувь төлдөг байсан бол энэ заалт батлагдсанаар нэг хувийг төлдөг болно" гэлээ. 

 

 

 

Өнөөдрийн уулзалт зөвлөгөөнд баялаг бүтээгчдэд тулгамддаг зээл олгох асуудал дээр чиглэсэн олон төрлийн илтгэл, зөвлөгөөг өглөө. Баянгол дүүргийн удирдлагын зүгээс баялаг бүтээгчдийн гаргасан ажил хэрэгч саналуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа танилцууллаа. Харин Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Баянгол дүүрэг дэх салбар зөвлөлийн зүгээс нэгдсэн зохион байгуулалтанд орж, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлийг хангах, цаашид экспортонд үйлдвэрлэх зорилготойгоор ажиллаж байгаагаа дуулгалаа. Уулзалт зөвлөгөөнөөс бусад төрлийн холбоодын төлөөлөл Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах саналтай байгаагаа уламжлав. 

Баянгол дүүргийн хувьд баялаг бүтээгчдэд тулгамдаж асуудлыг шийдвэрлэхээр эхний ажлуудаа хийж эхэлсэн байна. Жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчдийн тулгамдаж буй гол асуудал нь борлуулалт байдаг. Үнэтэй том дэлгүүрүүдэд заал түрээслээд бүтээгдэхүүнээ борлуулах боломж бага учраас үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг гэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэж үйлдвэрлэгчид байнгын бүтээгдэхүүний борлуулах худалдааны шинэ төвийг ашиглалтанд оруулахаар бэлтгэл ажлын шатанд үргэлжилж байгаа аж. Уг шийдвэрт баялаг бүтээгчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. 

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо

Баянгол дүүрэг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласнаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ наалдсан, хөрсөн дээр буусан ажлуудыг хийхийг зорьж байна. Өнөөдрийн бизнес форум, үзэсгэлэнд манай дүүргийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцож байгаа. Ингэснээр төрийн худалдан авалтын урсгалыг бид дотооддоо үлдээж чадна. Олон цэцэрлэгийн эрхлэгч үйлдвэрлэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулж байна. Хамгийн гол нь бид дээрээ том зорилго тодорхойлох биш анхан шатандаа хүрч ажиллах ёстой. 

 

Өрхийн үйлдвэрлэгч Б.Нарантуяа 

Хэлж ирдэггүй гай зовлонгоос болж хөдөлмөрийн чадвараа 50 хувь хүртэл алдсан. Амьдрахын эрхэнд өөрийн орлогыг бий болгох зорилгоор үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн. Миний энэ байдлыг дэмжиж дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс дэмжлэгэ үзүүлсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй олон хүнийг дэмжсэн сайхан ажил боллоо гэж дүгнэж байна. Бидэнд тулгамддаг гол асуудлын нэг нь бүтээгдэхүүнээ борлуулах байдаг. Өнөөдрийн форум дээр манай дүүрэгт баялаг бүтээгчдийн байнгын худалдааны төв баригдаж байгаа талаар дуулгалаа. Энэ бол цаг үеэ олсон сайхан ажил боллоо.