m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 04:32
68
Пьетро Грассо АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын буухиаг дамжуулж өглөө

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Итали Улс /БНИУ/-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассог өнөөдөр /2016.04.21/ хүлээн авч уулзав. 

Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад БНИУ-ын талаас өндөр ач холбогдол өгч оролцож байгаад талархал илэрхийлэв.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд урилгыг нь хүлээн авч Монгол Улсад айлчилж байгаад нь БНИУ-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассод талархал илэрхийлж, Монгол Улсад тавтай зочлохыг урив. Мөн тэрбээр Монгол Улсад зохион байгуулагдаж буй Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад БНИУ-ын талаас өндөр ач холбогдол өгч оролцож байгаад талархал илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ,  800 жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагааг явуулж байсан түүхтэй. Италийн иргэн Марко Поло Их Монгол Улсын хаан Хубилайн ордонд 20 гаруй жил амьдарч, Торгоны замын дагуу худалдаа, арилжаа хийж байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. 800 жилийн өмнө манай хоёр орон  хамтран, идэвхтэй ажиллаж байсан  бөгөөд цаашид бид харилцааны түвшингээ тэр үеийнхээс ахиулах боломж байгааг онцлон тэмдэглэлээ. Тухайлбал, манай хоёр орон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүд. Энэ хүрээнд Ази, Европ хоорондын харилцаа илүү ойртон нягтарших юм. Мөн Монголын түүхий ноолуур болон Италийн ноолуур боловсруулах технологийг нэгтгэх зэргээр харилцан нэгнийгээ нөхөж, хамтран ажиллах боломж их бий гэв. 

БНИУ-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьж элэгсэг дотноор хүлээн авч буйд нь Улсын Их Хурлын дарга З.Энхболдод хариу талархал илэрхийлээд, Итали Улсад зохион байгуулагдсан АЕПТ-ийн 8 дугаар уулзалтын буухиаг Монгол Улсын Их Хуралд албан ёсоор дамжуулан өгөхөөр хүрэлцэн ирлээ гэв. Мөн хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, БНИУ-ын Элчин сайдын яамыг Монгол Улсад байгуулах ажилтай танилцах зэрэг  чухал зорилготой ирлээ. Монгол Улс, БНИУ-ын харилцаа, хамтын ажиллагаа нь олон жилийн түүхэн уламжлалтай бөгөөд Итали, Монгол хоёр орны 800 жилийн өмнөх дипломат харилцааны тэрхүү түвшинг өнөөдөр сэргээх, түүнээс илүү гүнзгий харилцааг тогтоох боломж бий гэдэгт итгэдэг. Манай хоёр орон 800 жилийн өмнө “Торгоны зам”-ыг бодитоор ажил хэрэг болгож байсан шиг боломжууд өнөөдөр олон байгаа гэдгийг БНИУ-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассо онцлон тэмдэглэлээ. 

Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр  Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлэг үйл ажиллагаа явуулдагийг хэлээд тус бүлгийн дарга Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж уулзалтад оролцож байгааг танилцуулав. БНИУ-ын парламентын Сенатын танхимд үүнтэй адил бүлэг байгуулагдвал парламентын түвшний харилцаа хөгжиж, хамтын ажиллагаа өргөжих боломжтойг тэмдэглэн хэлсэн юм. 

БНИУ-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассо, БНИУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад Элчин сайдын яам байгуулах зарлиг гарган, энэ үүргийг туршлагатай дипломат ажилтан гүйцэтгэх болсон нь манай талаас хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагийн бодит илрэл мөн. Маргааш болох Ази Епропын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын хүрээнд  хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ чиглэлийг нээнэ гэдэгт найдаж байна хэмээн хэлэв. Парламентын түвшний харилцааны хүрээнд цаашид Монгол Улс, БНИУ-ын хамтран ажиллах  чиглэлүүдийг тодорхойлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хоёр тал санал солилцлоо. 

БНИУ-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассо АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын арга хэмжээг зохион байгуулах буухиаг Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод албан ёсоор дамжуулан өгөхөө илэрхийлсэн уулзалтад хоёр талын албаны хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.