m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 06:55
126
Тэр яг тэнгэр шиг...

 

 

Дэлхийн долоон тэрбум хүнд илч, ивээлээ харамгүй хайрладаг нар, сар, тэнгэрийг бид өөриймсүүлж хэн нэгэнтэй зүйрлэх нь бий. Мөнх хөх тэнгэр уйлж, инээж элдэв ааш гаргадаг ч мөнхөд л хөх хэвээр мөн биднийг ивээсээр.

Элдэв бүх зүйлээ орхин бусдыг дуу хуураар ивээнэ гэдэг амаргүй хийгээд адармаатай, адтай ажил. Тэрхүү бэрхшээлийг үл тоон өөрийнхөө гаргасан жимээр эргэлт буцалтгүй алхсан хүний нэг нь МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа мөнөөс мөн. Гучин жилийн өмнө Монголын урлагт гаргасан жим нь өдрөөс өдөрт, жилээс жилд тэлсээр өдгөө хэзээ ч үл балрах өргөн зам болжээ. Тэрхүү замаар өөрөө бус өрөөлийг хөтлөн яваа дуучин Б.Сарантуяагийн анплагед тоглолт хоёр өдөр Соёлын төв өргөөг өргөх шахлаа.

Тэрхүү замаар өөрөө бус өрөөлийг хөтлөн яваа дуучин Б.Сарантуяагийн амплагет тоглолт хоёр өдөр Соёлын төв өргөөг өргөх шахлаа.

Түүний тоглолт юугаар онцлог байв, яагаад үзэгчдийг байлдан дагуулав гэсэн түмэн асуултаар миний эргэн тойронд байх бүх хүмүүс булж орхилоо. Тиймээ, түүний бүтээл, дууны сонголт, тайз, тоглолт нь үнэхээр онцлог байсан. Юуны өмнө Сараагийн сонгодог үдэш байсныг онцолъё. Тайз засах тэр агшинд хөшигний араас хальт хараад энэ тоглолтын үнэ цэнийг мэдэрсэн. Г.Ганбаатарын бүтээсэн тайзанд ямар бүтээл эгшиглэж, тэрхүү бүтээлийг хэн амилуулах, ямар хөгжимтэй дуулах бол гээд учиг бүхэн уялдаа холбоотой болохыг үзсэн хүн бүхэн мэдэрч баяслаа.

Амьд хийгээд амьдруулах чадвар хоолойноос гадна түүний зүрх сэтгэлд уяатай учир Зууны манлай хэмээх эрхэм алдрыг түүнд монголчууд харамгүй хайрлаж, хүндэлдэг

Хөшиг нээгдлээ. Сараа “Ихэр саран”-гаа эгшиглүүлж, тоглолтын эхний хэсэг ардын шинж маяг агуулсан найруулгаар өрнөж, үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөөд авлаа. Монгол ардын дуу “Үзэсгэлэн гоо”-г СТА дуучин Д. Үүрийнтуяатай хоршин дуулсан нь үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, монгол аялгуу, монгол дуу ямар байдгийг тэр дундаа Сараа хэн бэ гэдгийг тодоос тод харуулсан үйл явдал болсон.

Нугалаа ихтэй, хоолойн чадал шаардсан дууг Зууны манлай, поп хатагтай төвөггүй дуулчихна билээ. Нэг жилийн өмнөх тоглолтод сонгодог урлагийнхны чадлыг шалгадаг “Аав, ээж хоёр минь” дууг дуулж үзэгчдээ байлдан дагуулсан хүндлэл энэ жил ийн өрнөлөө.

“...Сарны туяанд царайг чинь хараад

Онгон зүрхээ ханьсаах жаргалтай

Салж чадахгүй эргэн хоргодсоор

Yүр цайлгах жаргалтай

Би жаргалтай, жаргалтай...” хэмээн өрнөх явцад тайзнаа араас “Нюанс”-ынхан хур буух адил хүч түрэн, эгшиг нэмлээ. Сарааг сонгодог урлагийн дуучидтай хамт “Би жаргалтай”-г дуулна хэмээн төсөөлөөчгүй үзэгчид алга нижигнүүлэн ташиж, хамтдаа дуулан бүжлээ.

Тэр үед хүн бүхэн жаргалтай байгаагаа мэдэрсэн гэдэгт эргэлзэх зүйл алга. Агуу Н. Жанцанноров гуай “ Дуу, сайхан аялгуу сонсохоороо хүн яагаад уйлж, сэтгэл нь сэргэж, эс бөгөөс уймардаг юм бэ. Энэ нь хөглөгдөж байгаа биш, харин хөг алдарч байгаа хэрэг юм шүү” хэмээн хэлсэн нь бий. Тэгвэл Сараагийн эрхэм үдшийн хөг алдарсан хэсэг нь “Би жаргалтай” хийгээд “Хайрын бурхан 1, 2” –оо дуулах тэр агшин байлаа.

Яагаад тэр вэ. Яагаад Сараагийн дуунууд 20 жилийн настай байж, хэзээ ч үнэ цэнээ алддаггүй юм бэ. Мэдээж сайн шүлэг, сайхан аялгуу зохиосон уран бүтээлчийн хөдөлмөрийн үр шим ч, хэр хол “давхих” нь дуучны чадвараас шууд хамааралтай. Амьд хийгээд амьдруулах чадвар хоолойноос гадна түүний зүрх сэтгэлд уяатай учир Зууны манлай хэмээх эрхэм алдрыг түүнд монголчууд харамгүй хайрлаж, хүндлэн дээдэлдэг аж.

Бодолтой, ухаан зарсан шийдлийг Сараагийн тоглолтыг үзсэн хүн бүхэн чихээрээ сонсоод, нүдээрээ хараад зогсохгүй зүрх, сэтгэлдээ шингэтэл мэдэрсэн гэдэгт эргэлзэх зүйл алга.

Дуучин гэдэг дуулахын нэр биш гэдгийг түүний тоглолт, бүтээл бүхнээс нэвт харж болно. Бодолтой, ухаан зарсан шийдлийг Сараагийн тоглолтыг үзсэн хүн бүхэн чихээрээ сонсоод, нүдээрээ хараад зогсохгүй зүрх, сэтгэлдээ шингэтэл мэдэрсэн гэдэгт эргэлзэх зүйл алга. Тоглолтынхоо эхэнд хайртай ээждээ хүндлэл үзүүлж, “Аав ээжийн сургааль” дууг эгшиглүүлж, “Монгол найр”-ыг хөгжөөж,  “Үзэсгэлэн гоо”-г хадаасан нь хүний сэтгэлийг баясгахгүй гэж үү. Хайр хүндлэлийг татахгүй гэж үү.

Тэнгэр мэт ивээх дуучинтайгаа дуулцгаая, дуулцгаая бүгдээрээ төрсөн өдрөөрөө бүжиглэн цэнгэцгээе.

Амьдралын аз жаргал гэж чухам юу юм бэ. Өөрийн жаргалаа тэр өмнөө тавьсан бол сэтгэл зүрхийг гэгэлзүүлэн баясгаж, баяр бахдал бэлэглэдэг энэ олон бүтээлийг бид сонсох байсан гэж үү. Эрс шийдэмгий, эргэж буцсан зангүй, элдэв маягаар өөрийгөө чимээгүй Сараа тайзнаа дуулж, түмнийг гэгээрүүлэх, баясгах хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж чаддаг, чадсан, чадсаар ч  байх болно. Тэр тайзнаа байхдаа жаргалтай.

Эгшигт хайрцагт пянз аажуухан эргэж, дуу хуур намуухан эгшиглэсээр. Хурд, хэмнэл нэмэгдэх бүрт эрчээ авч, хөг алдарсан үзэгчид Сараатай хамт дуулж, уйлж, бас бүжиж сэтгэлийн цэнгэл эдэллээ.

Тэнгэр мэт ивээх дуучинтайгаа дуулцгаая, дуулцгаая бүгдээрээ төрсөн өдрөөрөө бүжиглэн цэнгэцгээе. Тэр Монголын бахархал, монголчуудын хайртай дуучин.