m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 07:33
121
Их дэлгүүрээс Цирк хүртэлх зам автомашингүй гудамж болно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар Автомашингүй гудамж төслийг хэрэгжүүлэх зорилгоор  нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад  тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэхдээ хотын  хамгийн их төвлөрөл ихтэй байршлуудыг сонгон автомашингүй гудамж болгохоор төлөвлөөд байсан бөгөөд дөрвөн байршилд төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоосон. Тиймээс энэхүү төсөл хэрэгжих Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Хангарьд орчим, Сүхбаатар дүүрэг, дөрөвдүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай орчмын газрын тодорхой хэсгийг төсөл сонгон шалгаруулалт, газрын дуудлага худалдаа зохион байгуулах замаар аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэн автомашингүй гудамж болгохоор төлөвлөсөн байна.

“Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөөд байна
 

Гудамж төслийн танилцуулгаар  Сүхбаатар дүүрэг, дөрөвдүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай орчим буюу Их дэлгүүрээс АСА цирк хүртлэх талбайн газар доор  олон нийтэд зориулсан амрах талбайтай, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ бүхий байгууламж барихаар төлөвлөсөн байна.  Мөн одоо байгаа цэцэрлэгт талбайг шинээр тохижуулах юм байна.

Төсөл бүрэн хэрэгжиж дууссаны дараа хоёр талын замын хөдөлгөөнийг ажлын өдрүүдэд хаахгүй зөвхөн амралтын өдрүүдэд бүрэн хааж, харин газар доогуур хийсэн байгууламж бүхий гудамж нь  ямар ч үед автомашингүй байхаар тооцжээ.

Газар доогуурх байгууламжид нийтдээ есөн гарц хийхээс гадна байгууламж руу орох гарц орчимд автомашины зогсоол хийнэ
 

Газар доогуур барих байгууламжийн нийт талбай нь 9940 метр квадрат, худалдаа үйлчилгээний  нийт талбай нь 6640 метр квадрат, олон нийтийн гудамж зам талбай нь 3500 метр квадрат байна гэж төлөвлөсөн байна. Газар доогуурх байгууламжид нийтдээ есөн гарц хийхээс гадна байгууламж руу орох гарц орчимд автомашины зогсоол хийхээр урьдчилсан зураг гарсан байна.
Энэхүү төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах боломжтой гэж үзжээ.