m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 23:54
49
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллах үеэрээ маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараагаар аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад цаг үеийн ажил байдлаа танилцууллаа.

Увс аймагт өнөөдрийн байдлаар 80,9 мянган хүн ам оршин сууж байгаа нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт. Иргэдийн мөнгөн хуримтлал сүүлийн жилүүдэд тогтмол өсч 2011 онтой харьцуулахад 33,8 тэрбум төгрөгөөр өссөн. Мал аж ахуй, газар тариалан голлох салбар хэдий ч хөнгөн үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, уул уурхайн үйлдвэрлэл зохих хэмжээнд хөгжиж байна.

Сүүлийн жилүүдэд аймгийн нийт нутгаар өнтэй өвөл, тэнүүн хавар болж, малчин түмэн мал сүргээ онд мэнд оруулж, 2014 оны жилийн эцэст нийт 2561,3 мянган мал тоолуулж, малаа таван төрөлд өсгөлөө. Газар тариалан эрхэлж, баруун гурван аймгаа гурилын хэрэгцээгээр хангаж ирсэн уламжлалаа хадгалж байна. Сүүлийн дөрвөн жилд Увс аймагт хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэн зэрэг мэдээллийг аймгийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус аймагт ажиллах үеэрээ Цэнгэлдэх хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийнхаа 90 жилийн ойг зохион байгуулсан тус хүрээлэнгийн төв хэсгийг хөлбөмбөгийн талбай болгож ашиглахаар төлөвлөж байгаагаа удирдлага хэллээ. 

Мөн тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулдаг бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцсан юм. Тус төвд жижиг болон өрхийн бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулан худалддаг, сарын түрээс авдаггүй байна. Зээл өгсөн аж ахуйн нэгж, хоршоодынхоо үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийх нь борлуулалтыг дэмжиж бизнес инкубатор төвийг ажиллуулдаг бөгөөд тус төвд өнөөдрийн байдлаар 40 орчим хоршоо төв бараа бүтээгдэхүүнээ иргэдэд таниулан борлуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.