m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 06:05
110
Вакцин хийх тусгай цэгүүдийг нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулна

Улсын хэмжээнд он гарсаар улаанбурхан өвчний 15540 тохиолдол бүртгэгдсний 7808 /50,2 хувь/  нийслэл хотод бүртгэгдсэн байна. Тав хүртэлх насны 491 хүүхдийн эндэгдэл бүртгэгдсний 427 буюу 87 хувь нь нэг хүртэлх насанд эндсэн байна.

Харин Улаанбурхан өвчлөл, нас баралтын мэдээллийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулж танилцуулвал

2001 онд өвчлөл-10677, нас баралт-7
2002 онд өвчлөл-2015, нас баралт-3
2003 онд өвчлөл-18, нас баралт-0
2004-2005 өвчлөл-0, нас баралт-0
2006-2009 өвчлөл-72, нас баралт-0
2010-2014 өвчлөл-0, нас баралт-0
2015 онд  өвчлөл-23464, нас баралт-8

2016 он /04 сарын эхний долоо хоног хүртэл/ өвчлөл 15540, нас баралт-62  /0,3 хувь/

 

Салбар яам, газар, эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон ажилтан, албан хаагчид шаардлагатай, боломжтой бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Одоогоор халдварын дэгдэлт тогтворжсон гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат мэдээллээ. Өвчлөгсдийн насны байдлыг харвал их, дээд сургуулийн оюутан, бага насны, нярай хүүхдүүд өвчлөх тохиолдол их байна. Олон Улсын жишгээс Улаанбурхан халдвар дэглэлтийн үед хорио цээр тогтоодоггүй, тус өвчний халдварыг дархлаажуулалт, вакцинаар урьдчилан сэргийлж, эмчилдэг байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дутагдалтай тоног төхөөрөмж, дархлаажуулалтын вакцин нийлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан саналын дагуу тохиолдол өндөртэй байгаа их, сургуулийн оюутан, бага насны хүүхэд зэрэг 300 мянга гаруй иргэнийг сайн дурын вакцинд хамруулах ажил тавдугаар сард явагдана. Тиймээс их, дээд сургуулийн захиргаанаас суралцагсдыг сайн дурын вакцинд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах шаардлагатай байгаа гэдгийг хэллээ. Вакцин хийх тусгай цэгүүдийг нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд байршлууд ирэх долоо хоногт тодорхой болно гэлээ.

300 мянга гаруй иргэнийг сайн дурын вакцинд хамруулах ажил тавдугаар сард явагдана
 

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүд дархлаагаа сайжруулж, хүүхдээ хөхний сүүгээр хооллох”-ыг зөвлөж байна. Ингэснээр 0-6 сартай хүүхдүүд ямар нэгэн халдварт өвчнөөр өвчлөхгүй байх магадлал өндөр болно гэж мэргэжилтнүүд хэлж байна.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд шаардлагатай төсвийг шийдвэрлэж ирсэн. Цаашдаа ч энэ бодлогоо үргэлжлүүлж ажиллана” гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.