m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 10:08
72
Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт болж байна

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын дагалдах хурлуудын хүрээнд 4 дүгээр сарын 21-23-нд Улаанбаатар хотноо Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт Төрийн ордонд болж, АСЕМ-ын гишүүн 32 орны болон Европын парламентын нийт 170 гаруй төлөөлөгч оролцож байна.  Уулзалтын үеэр нэгдсэн хуралдаанаас гадна “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдэвт салбар хуралдаанууд боллоо.

32 орны болон Европын парламентын нийт 170 гаруй төлөөлөгч оролцож байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд уг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалт нь ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн салхийг хагалж,  түүчээ болж байгаагаараа онцлог юм” гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээлтийн үгэндээ “Ази, Европ хоёр тивийн хувьд бие биеэсээ суралцах, ярилцах, хуваалцах зүйл асар их бий. АСЕМ бол манай хоёр тивийг холбосон яриа хэлцээний хамгийн чухал талбар юм. Учир нь энэ уулзалтын хүрээнд 100 гаруй сэдэв яригддаг, зөвхөн удирдагчид төдийгүй нийгмийн бүх төлөөлөл, ашиг сонирхлын төлөөлөл оролцдогоороо давуу талтай”  хэмээн онцолсон юм. Мөн, Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, дагалдах хурлуудыг эх орондоо хүлээн авч байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийлээд цаашдаа газар нутгийн байршлынхаа давуу талыг ашиглаад Улаанбаатар хотноо “АSЕМ Center” байгуулан, дараа дараагийн хурлуудыг зохион байгуулах улс орнуудад мэдээллийн дэмжлэг үзүүлдэг байх санаачилга гаргаж буйгаа дуулгалаа.

АСЕМ бол манай хоёр тивийг холбосон яриа хэлцээний хамгийн чухал талбар юм

Хурлын нээлтийн үеэр мөн БНИУ-ын Сенатийн Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Пиетро Грассо Ази-Европын 10 дугаар уулзалтыг Милан хотноо зохиосон туршлагаасаа хуваалцан, Монгол Улс нь Ази-Европын түүхэн холбоог сэргээх эхлэл болж байна гэв. Тэрбээр АЕПТ-ыг амжилттай, хариуцлагатай зохион байгуулж байгаа Монгол Улсад баяр хүргээд, Пакс Монголика буюу Их Монгол Улсын үед тогтоосон тогтвортой худалдаа, соёлын солилцооны эрин үе  Улаанбаатар хотоос эхэллээ гэсэн юм.

Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас Тунхаглал баталж,  АЕПТ-ийн Есдүгээр уулзалтыг Монгол Улс ажилттай зохион байгуулсныг өндрөөр үнэлж, уулзалтын дүнг ирэх 7 дугаар сард Улаабнаатар хотноо болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулахаар боллоо. Ази-Европын парламентын түншлэлийн 10 дугаар хурал 2018 онд Европ тивд зохион байгуулагдах аж.