m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 10:31
88
Хууль бусаар хил давсан үлэг гүрвэлийн зулзагын араг ясыг авчирчээ

Манай улсаас хууль бусаар гарган, Японд зарагдан, улмаар Европт хувийн цуглуулагчийн гарт очсон Завролофын зулзагыг эргүүлэн авчиржээ.

Энэ  олдворыг  манай орны говийн бүс нутгийн баруун хэсэгт өргөнөөр тархсан дээд Цэрдийн Нэмэгт формациас олдсон болохыг  Монгол Улсын  Шинжлэх ухааны академийн харъяа Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэмтэд Бельгийн Вант Улсын Вангийн  Байгалийн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран судалж тогтоосон юм. Олон улсын эрдэм шинжилгээний нэр хүнд бүхий  PLOS ONE сэтгүүлд 2015 оны 10 дугаар сарын 14-нд хэвлүүлэн баталгаажуулжээ.

Хууль бусаар хил давсан үлэг гүрвэлийн зулзагын араг ясыг авчирчээ

Энэ олдворыг Чингис хаан нисэх онгоцны буудлаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, тус яамны Палеонтологи Археологийн музейн шинэчлэл төслийн нэгж, Соёлын өвийн төв, Палеонтологи, геологийн хүрээлэн, Үлэг гүрвэлийн төв музейн төлөөллүүд хүлээн авлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бельгийн Вангийн Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнтэй 2015 онд Монгол Улсаас гарал үүсэлтэй, хууль бусаар хилээр гарсан нь нотлогдсон геологи, палеонтологи, биологийн өвийг Монгол Улсад  буцаахад талууд хамтран ажиллах  тухай хэлэлцээр байгуулсан юм. Энэ дагуу дээрх олдворыг авчирчээ.