m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 11:55
75
Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт өндөрлөлөө

“АСЕМ дахь Ази, Европын парламентын түншлэлийн үүрэг оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдсан Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт өнөөдөр /2015.04.22/ өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтад Ази, Европын 32 орны болон Европын парламентын 170 төлөөлөгч оролцов. Уулзалтын хүрээнд “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдэвт салбар хуралдаанууд болж, парламентын төлөөлөгчид илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо солилцсон юм. 

АЕПТ-ийн парламентчид эрх тэгш байх, бие биеэ харилцан хүндэтгэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах зэрэг нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын үндсэн дээр хоёр бүс хоорондын түншлэлийг бэхжүүлэх талаар АСЕМ-д дорвитой дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хүч чармайлтаа цаашид ч үргэлжлүүлэх чин хүсэлтэй байгаагаа дахин нотолсон байна. Тэд АСЕМ-ын үйл явцын парламентын чиглэлийг  бэхжүүлэх, АСЕМ болон АЕПТ-ийн хоорондын хэлхээ холбоог зузаатгах, Ази, Европын улс түмнүүдийн нийтлэг зорилго, эрх ашгийг амьдралд хэрэгжүүлэхэд Парламентуудын үүрэг ролийг нэмэгдүүлэх  талаар зохих арга хэмжээг авч ажиллахаа амлажээ. 

 Ази, Европын улс түмнүүдийн нийтлэг зорилго, эрх ашгийг амьдралд хэрэгжүүлэхэд Парламентуудын үүрэг ролийг нэмэгдүүлэх  талаар зохих арга хэмжээг авч ажиллахаа амлажээ. 

Түүнчлэн АСЕМ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болсон АЕПТ-ийн 20 жилийн ой нь Ази, Европын орнуудын ард түмэн, бизнесийнхэн болон парламент, засгийн газар хоорондын иж бүрэн түншлэл, олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгч, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах боломж олгоно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

Дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой заналхийлж буй терроризмын бүх хэлбэрийг эрс буруушаав. Тэд дэлхийн өнцөг буланд алан хядах ажиллагаа нэмэгдсээр байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж, Парламентууд холбогдох хууль тогтоомж баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, мөн шаардлагатай санхүүжилтийг хуваарилах замаар терроризмтой тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. 

 

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад НҮБ тэргүүлэх үүрэгтэй, мөн үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах үйл явцыг урагшлуулах, цөмийн туршилтыг бүрэн хориглоход Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ, Химийн зэвсгийг хориглох конвенц, Биологийн зэвсгийг хориглох конвенц голлох үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Дэлхий нийтийг хамарсан өнөөгийн болон шинээр гарч буй сорилтуудыг олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу үр дүнтэй шийдвэрлэхэд олон талт үйл ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх шаардлагатайг тэд дахин тэмдэглэв.

Дүрвэгсэд болон цагаачдын урсгал урьд өмнө нь байгаагүйгээр их болсныг тэмдэглэж, Европын орнуудын хил орчим болон дамжин өнгөрөх улсуудад хүмүүнлэгийн хямрал үүссэнд сэтгэл зовниж буйгаа илэрхийлэв. Ард иргэд аргагүйн улмаас шилжин дүрвэж, цагаачилж байгаа суурь шалтгааныг улс төр, аюулгүй байдал, нийгэм-эдийн засаг зэрэг хүчин зүйлийг хамарсан цогц арга замаар шийдвэрлэх, дүрвэгч, цагаачдыг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, уг асуудлыг шийдвэрлэхэд тогтвортой, урт хугацааны шийдэл нэн даруй олох шаардлагатайг тэд тэмдэглэв. Дүрвэгч, цагаачид, тэр дундаа хамгийн эмзэг бүлэг болох эмэгтэйчүүд, хараа хяналтгүй яваа хүүхдүүдийн эрхийг хамгаалах үүднээс эв эетэй, хүлээцтэй, харилцан хүндэтгэсэн уур амьсгалыг дүрвэгч, цагаачид зорьж буй болон дамжин өнгөрөх орнуудад бий болгох таатай нөхцлийг бүрдүүлэх нь чухал болохыг тэд онцлон тэмдэглэв.

 

Ази, Европын орнуудад шударга, эрх тэгш, ардчилсан болон нээлттэй нийгмийг бэхжүүлэхэд хүний эрх, эрх чөлөөг сахин дээдлэх нь нэн чухал хүчин зүйл гэдгийг тэмдэглээд нэгдмэл ойлголттой болох үүднээс яриа хэлэлцээ хийх, хамтран ажиллах, түншлэхийн зэрэгцээ хуульт ёсыг чанд сахиж, авлигатай тэмцэх шаардлагатайг тэмдэглэв. Эдгээр болон уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаарх олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, байгалийн гамшгийн менежментийн чиглэлээр АСЕМ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагаа, хоёр бүсийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа, ард иргэдийн хэлхээ холбоог бэхжүүлэх, оюуны өмчийн эрхийн асуудлуудыг тусгасан нийт 44 зүйл бүхий Тунхаглалыг Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаар баталлаа. 

Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн уулзалтын арга хэмжээ өндөрлөж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хаалтын үг хэлэв. Тэрээр төлөөлөгчдийн идэвхтэй оролцоо, хүчин чармайлтыг үр дүнд уулзалт амжилттай болоод өндөрлөж байгааг тэмдэглээд “Өнөөгийн олон улсын байдал нь урьдчилан таамаглашгүйгээр хувьсан өөрчлөгдөж, дэлхийн улс үндэстэн бүхэн томоохон шалгуур, сорилтуудтай нүүр тулгараад байна. Эдгээр сорилтыг даван гарах гарц нь дэлхийн улс орон, ард иргэдийн яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, ард түмний төлөөлөл болсон хууль тогтоогчид бидний үр дүнтэй хамтын ажиллагаа гэж Монгол Улс үздэг” гэв.

Төгсгөлд нь тэрээр, салбар болон хороодын хурал даргалагч, хамтран даргалагч нар, илтгэл тавьж үг хэлсэн, санал бодлоо илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бүх хүмүүст, уулзалтад оролцсон парламентын нийт төлөөлөгчид, уулзалтыг амжилттай зохион байгуулж ажилласан нийт хүмүүст Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийллээ. 

Ийнхүү Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалт /АСЕМ/-ын хүрээнд энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.