m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 05:17
80
Г.Баярсайхан: Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд 15 тэрбум төгрөг гаргах ёстой

Өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэгдүүлж 240 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан билээ. Энэ талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас тодрууллаа.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр дагаад цалин нэмэгдэх ёстой юу?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байгааг ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлж байгаа мэтээр ойлгох нь учир дутагдалтай. Учир нь манай хөдөлмөрийн зах зээл дэх ажилчдын зөвхөн 4,0 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авдаг гэсэн судалгаа бий. Тийм учраас энэ шийдвэрийг бага орлоготой иргэд, хөдөлмөр эрхэлж байгаа боловч бага цалин хөлс авч байгаа хүмүүсийнхээ амьжиргааг дэмжсэн арга хэмжээ гэж ойлгож болно.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр дагаад бусад хуулийн заалтад багтах хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой торгууль мөн адил 25 хувиар нэмэгдэх нь гэдэг ойлголт байна?

-Тийм. Ийм нэг буруу ойлголт байгаад байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэнээр жолооч нар торгуулиа 25 дахин нэмж төлөх нь гэж ойлгоод байна. Тийм зүйл байхгүй. Яагаад гэхээр ирэх есдүгээр сараас Зөрчлийн хууль хэрэгжээд эхлэхээр жолооч, иргэд хууль зөрчвөл торгуулийн нэгжээр төлдөг болоод эхэлнэ. Бид яагаад хөдөлмөрийн хөлсийг нэмээд байна гэхээр монгол хүний ажлын үнэлэмжийг, нэмэгдүүлэх, сайжруулахын төлөө л шүү дээ.

Ингэж нэмснээр гадаад ажилчдын тоог бууруулах бас нэг эерэг боломж гарч ирж байгаа юм. Гадны байгууллага ажиллах хүчин оруулж ирэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө төлж байж хөдөлмөрийн зах зээлд оролцох эрхээ авдаг. Тэгвэл 240 мянган төгрөгийг хоёр дахин нугалах уу эсвэл дотоодын ажилчдаа 240 мянгаар ажиллуулах уу гэдэг эдийн засгийн хөшүүргийг өндөрсгөх бодлого барьснаар залуучуудаа ажилтай болгож байгаа юм.

Эдийн засгийн хөшүүргийг өндөрсгөх бодлого барьснаар залуучуудаа ажилтай болгож байгаа

-Тэгвэл энэ жил гаднаас ажиллах хүчин оруулж ирэх квот хэр буурах бол. Жил бүр 28 мянга гаруй ажилчин орж ирдэг шүү дээ?

-30 гаруй мянган гадны ажилчин ажиллаж байгаа гэсэн тоо баримт бий. Манай Хөдөлмөрийн яам гаднаас ажиллах хүчин оруулж ирэх тоог 30-аас таван мянга хүртэл болгож бууруулна гэсэн бодлоготой ажиллаж байгаа. Учир нь жил болгон бид энэ салбартаа 20 мянга гаруй залуучуудыг бэлдэж гаргаад байна. Тэднийгээ ажлын байраар хангах үүрэг оногдоод байгаа учраас гадны ажилчдыг биш дотоодын ажилчдаа ажиллуулахын тулд шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж байна.

-Хөдөлмөрийн яамнаас ажилгүйдлийг бууруулах тал дээр ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?

-Иргэдийг ажлын байраар хангах асуудал ганцхан манай яамны ажил биш л дээ. Энэ бол их цогц асуудал. Яамд хооронд болон, их хурлын. Эдийн засгаа боомилохгүйн тулд томоохон төслүүдээ явуулах хэрэгтэй. Төмөр зам барих, авто зам барих асуудал манай яамны ажил биш ч гэсэн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна. Хөдөлмөрийн яамны зүгээс монгол ажилчдаа сайн бэлтгэе, гаднаас оруулж ирэх ажилчдын тоог бууруулья, ажилчдынхаа ур чадварыг сайжруулья л гэдэг бодлого бариад байна. Монгол барилгачдаа бэлдэхгүй бол хятад ажилчдаар л барилгаа бариулна биз дээ. Энэ үүднээс МСҮТ-ийн сургалтын чанарыг сайжруулж байна, гадны төсөл хөтөлбөрүүдийг тэдгээр сургуулиуд дээр хэрэгжүүлж байна.

Монгол барилгачдаа бэлдэхгүй бол хятад ажилчдаар л барилгаа бариулна биз дээ

- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарчихлаа. Тэгвэл ирэх оны төсөвт ийм чадамж байгаа юу?

-Нэгдүгээрт хүнийг ажиллуулсан бол хөлсийг нь өгөх л ёстой. Эдийн засаг муу байна гээд монгол хүнийг хамгийн бага үнэлэмжээр ажиллуулаад байж болохгүй. Хөдөлмөрийн сайдын хувьд хэлэхэд ажил олгогч, бизнесмэнүүд өгөх ёстой мөнгөө өгөөд явах ёстой. Хоёрдугаарт ажил хийх ид насандаа яваа залуучууд тэтгэврийн хүнээс бага цалин аваад ажиллаад байж болохгүй.

Ажил хийх ид насандаа яваа залуучууд тэтгэврийн хүнээс бага цалин аваад ажиллаад байж болохгүй

Төсөвт айхтар их ачаалал өгөхгүй. 50 гаруй мянган хүний 15.6 тэрбум төгрөгийг ирэх оны нэгдүгээр сараас суутгах бичгийг Сангийн яам руу явуулсан. Гаргуулж чадна гэж хэлмээр байна. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд 15 тэрбум төгрөг гаргах ёстой гэсэн л байр суурьтай байна.