m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 08:10
111
АСЕМ-ын үеэр ажиллах сайн дурынхныг сургаж эхэллээ

АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудыг зохион байгуулах сайн дурын ажилд хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүд болон 20 гаруй их, дээд сургуулийн 1500 орчим оюутан, залуус бүртгүүлээд байна. Эдгээр сайн дурын ажилтныг 50, тавиар нь 24 багт хувааж, эхний дөрвөн багт ажил үүргийн ерөнхий ойлголт өгөх “Үндсэн сургалт” өнөөдөр эхэллээ. Сургалтаар АСЕМ-ын үйл ажиллагаа, сайн дурын ажлын талаар суурь мэдлэг олгож байгаагаас гадна багаар ажиллах чадвар эзэмшүүлэх практик хичээлийг тоглоомын аргад суурилан зааж байна.

АСЕМ-ын үеэр ажиллах хүүхдүүдэд ерөнхий ойлголт өгөх сургалт өнөөдрөөс эхэллээ

Уг сургалтыг олон улсын “Teamwork & Team play” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Дүдү” боловсролын сангийн мэргэшсэн багш нар удирдан явуулж байгаа юм.

Үндсэн сургалт тавдугаар сарын 10-н хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараагаар олон улсын харилцаа, дипломат ёс, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр баримтлах зарчим, сайн дурын ажилтны ажлын байранд тавигдах шаардлага, зохион байгуулалтын талаар мэдлэг олгох “Чиглүүлэх сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Чиглүүлэх сургалт”-ыг  АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны мэргэжилтнүүд болон ГХЯ-ны ахмад дипломатч нар удирдан явуулах бөгөөд залууст хөтөч тайлбарлагчаар ажиллахад шаардлагатай мэдлэг олгох зорилгоор нийслэлийн түүх дурсгалт газруудаар танилцах аяллыг мөн зохион байгуулах аж.