m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.26 04:22
79
Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авдаг боллоо

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталлаа.

Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Хөтөлбөрийг 2016 оны тавдугаар сарын 2-ноос хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Болор нарт даалгасан байна.

“Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай байна.

Сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ

1. Дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг 5 хувь болгон бууруулна.

Энэ тохиолдолд зээлдэгчид дараах шаардлага тавигдана

a. Төлбөр төлсөн оюутны голч дүн 2,5-аас дээш байх

б. Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх

в. Төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх

г. Зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх

2. Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана. Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3,5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдана.

Жилийн хүү нь таван хувь, барьцаагүй байна

Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь таван хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш дөрвөн жил хүртлэх хугацаанд эргэн төлөх юм байна.