m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.27 03:24
261
Г.Мөнхцэцэг: Монгол уран зохиолын нэгэн жарны баялаг өвийг бүрдүүлснээрээ “Цог” гавьяатай

-Цог сэтгүүл хэвлэгдэхгүй 3 жил завсарлаад эргэн ирлээ. Шинээр дахин “мэндэлсэн” Цог сэтгүүлийн ялгарах онцлог бий байх?

-Монголын Зохиолчдын Эвлэлийн хэвлэл, 72 жилийн түүхт “Цог” сэтгүүл шинэчлэгдэн уншигчдынхаа гар дээр дахин очиж байгаад баяртай байна.  “Цог” сэтгүүл нь үүсэн байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл уран зохиолын бүхий л төрлийн бүтээл туурвилаар уншигчдын оюуны хүртээл болж Монголын уран зохиолыг хөгжүүлэх, зохиолч, яруу найрагч, судлаач, орчуулагчдын бүтээл туурвилыг сурталчилах эрхэм үүргийг гүйцэтгэж ирсэн. Тэр тусмаа орчин үеийн монгол уран зохиолын нэгэн жарны хөгжлийн түүхийн баялаг өвийг бүрдүүлснээрээ дахин давтагдашгүй гавьяаг байгуулсан. Цаашид ч энэ үүргээ үүрч явна.  Шинэчлэгдэн гарч буй “Цог” сэтгүүлийн редакцын зөвлөл, сэтгүүлийн баг бүрэн шинэчлэгдсэн. Түүнээс гадна сэтгүүл орчин цагийн уншигчдын сонирхол, шаардлагад нийцэхүйц дизайн, өнгө төрхийг бүрдүүлэхийг эрмэлзлээ. Сонин хэвлэлийн ялгарах гол онцлог өнгө үзэмж, зураг чимэглэл гэхээсээ нийтлэлийн бодлоготоо байдаг.

-Нийтлэлийн бодлогодоо юуг анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Уншигчиддаа ямар зүйлийг амлах вэ?

-“Цог” сэтгүүл нь уламжлалт  нийтлэлийн бодлогоо хадгалахын зэрэгцээ орчин үеийн уран зохиолын салбарт гарч буй шинэлэг ололтуудыг түгээн дэлгэрүүлэх, тэр тусмаа сэтгэлгээний өвөрмөц содон бүтээлүүдийг уншигчдынхаа оюуны хэрэгцээнд хүргэх зорилгыг чухалчилах болно. Манай сэтгүүл бол уран зохиол, урлагийн сэтгүүл тиймээс уншигчдад өгөх сэтгэлийн таашаал, ухаарал, эргэцүүлэл, хүн урлагаас авч мэдэрдэг тайвшралыг өгч чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Уншигч таны мэргэн оюуны таалалд манай сэтгүүлийн энэхүү бодлого болон манай уран бүтээлчдийн бүтээл туурвилиуд нийцнэ гэдэгт найдаж байна.

-Сэтгүүлийн эрин үе дууссан. Цаасан хэвлэлийн үнэ цэнэ алдагдаж, үеэ өнгөрөөсөн гэж ярьж, хэлцдэг болсон энэ цагт цахим хуудас болгох нь илүү ажиллагаа, зардал бага тусах байсан юм биш үү?

-Уран зохиолын сэтгүүл эрт үедээ ч, эдүгээ ч, Дэлхийд ч, Монголд ч уншигчид хязгаарлагдмал юм шиг хэрнээ, үр бүтээлтэй хүрээнд гарч ирсэн. Уран зохиолын сэтгүүлийн уншигчид цөөн боловч чанартай байдаг нь жам. Уран зохиолын сэтгүүлийн уншигчид зорьж авдаг улс байдаг. Тиймээс хаа нэгтээ цаасны хог болж хаягддаггүй нь сайхан. Та асуултдаа дурьдлаа. Яагаад цахим хаяг болгож болоогүй юм бэ гэж? Монголын Зохиолдын Эвлэл www.writersunion.mn домайн бүхий албан ёсны вэб сайттай. Цахим орчинд мэдээлэл авах хүсэлтэй уншигчид эндээс мэдээ, мэдээлэл авч болно.

-Сэтгүүл ямар давтамжтайгаар цаашид уншигчдын гар дээр очих вэ? Мөн сэтгүүлийг хаанаас худалдан авах вэ?

-Улирал тутамд хэвлэгдэнэ. Өөрөөр хэлбэл улиралд нэг дугаарыг бид хүргэнэ. Цог сэтгүүлийг Монголын Зохиолчдын Эвлэлийн байранд байрлах номын дэлгүүрээс авах боломжтой.