m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.27 04:29
285
Цог сэтгүүлийн нээлт, уран зохиолын үдэш болно

Монголын Зохиолчдын Эвлэлийн хэвлэл, 72 жилийн түүхт ЦОГ сэтгүүл шинэ өнгө төрх, нийтлэлийн бодлоготойгоор эргэн ирлээ. Шинэчлэгдэн гарч буй “Цог” сэтгүүлийн редакцын зөвлөл, сэтгүүлийн баг бүрэн шинэчлэгдээд зогссонгүй орчин цагийн уншигчдын сонирхол, шаардлагад нийцэхүйц дизайн, өнгө төрхийг бүрдүүлжээ.


"ЦОГ" сэтгүүлийн хамт олноос "шинэ" сэтгүүлийн нээлт & Уран зохиолын үдшийг IV сарын 28 буюу маргааш зохиолч уншигчдын уулзалт, богино өгүүллэг болон яруу найргийн уншлага болгон зохион байгуулахаар болсон байна.

Цог сэтгүүлийн нээлт, уран зохиолын үдэш IV/28нд Циркын баруун талд байрлах Цүки хаусын зүүн жигүүр дэх Paddy's public house-д 18 цагаас эхэлнэ.

МЗЭ-ээс сүүлийн жилүүдэд Уран үгсийн чуулган буюу зохиолч уншигчдыг уулзуулах, залуу хойч үед Монголын уран зохиолын өв санг нээн танилцуулах өндөр ач холбогдолтой уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад зохион байгуулж буй уран зохиолын үдэш бүхэлдээ Уран үгсийн чуулган болно хэмээн зохион байгуулагчид амлаж байна.

Энэхүү уран зохиолын үдэшт:
Нацагдоржийн шагналт, зохиолч яруу найрагч Ц.Буянзаяа
"Болор цом"-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг
Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир
"Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Галсансүх
"Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо
МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Т.Баянсан
МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч П.Батхуяг
МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Г.Сонинбаяр
Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Г.Сүхзориг, Ч.Ууганбаяр
"Хөх мэдрэхүй" бүлгэмийн уран бүтээлч, яруу найрагч Я.Баяраа, Ш.Хатанбүүвэйбаатар
"Шинэ үнэр" бүлгэмийн уран бүтээлч, яруу найрагч Т.Есөн Эрдэнэ, С.Начин, Р.Улам Оргих
Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Алтанхуяг нарын шинэ үеийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчид оролцож шүлэг яруу найргаасаа уншиж сонирхуулах юм байна.

Мөн үдэш МУГЖ Г.Равдан, УДЭТ-ын жүжигчин СТА, А.Алтантөр, жүжигчин Я.Билгүүнсар нар Цог сэтгүүлийн шинэхэн дугаарт багтсан өгүүллэгийн дээжээс уншиж хүргэхээр болжээ. Та тус цэнгүүнд 5000 төгрөгийн такс төлж ороод дээрх уран бүтээлчидтэй нэгэн үдшийг цуг өнгөрөөхөөс гадна "Цог" сэтгүүлийн цоо шинэ дугаарыг дагалдуулан авах юм байна.