m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.28 05:42
285
Т.Бадрал: Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулна гэдэг үүргээс илүү хүндэтгэл

Өнөөдөр Монгол Улсад Генерал цол бий болсны 72 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Чингисийн талбайд боллоо. 12 дахь жилдээ үзүүлж буй хүндэтгэлийн арга хэмжээнд 80 гаруй генерал цолтнууд хүрэлцэн ирсэн юм.  Энэ жилийн арга хэмжээг Онцгой байдлын Ерөнхий газраас зохион байгуулж байна. 

12 дахь жилдээ үзүүлж буй хүндэтгэлийн арга хэмжээнд 80 гаруй генерал цолтнууд иржээ

Анх манай улсад 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал гэсэн цолыг олгож эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас нийт 170 гаруй генерал цолтон төржээ. Тэгвэл өдгөө 87 генерал амьд сэрүүн байгаа аж.

Хошууч генерал Д.Чимэд-Юндэн: Би Хил хамгаалах яам гэж байхад тэндээс ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа. Жил болгон Монгол генералын баярын өдрийн тэмдэглэдэг болсонд үнэхээр их баяртай байна. Энэ жилийн хувьд Онцгой байдлын Ерөнхий газраас зохион байгуулж байна. Сайхан үйл ажиллагаа болох байх.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр анх 11 хүн энэхүү хүндтэй цолны эзэн болсон байдаг юм. Түүнээс хойш 170 гаруй хүн авсан. Амьд сэрүүн 87 хүн бий гэсэн судалгаа байдаг юм. Онцгой байдлын газрын Ерөнхий газар энэ жил энэхүү арга хэмжээг зохион байгуулах үүргийг хүлээсэн. Энэ үүрэг гэхээсээ илүү хүндэтгэл гэж би ойлгож байгаа. Түүнчлэн энэ арга хэмжээнд зориулж холбогдох бэлтгэлийг хангасан. 12 дахь жилдээ зохион байгуулж байна.

Үүрэг гэхээсээ илүү хүндэтгэл гэж би ойлгож байгаа

 

ЦЕГ-ын дарга асан, Генерал Ч.Амарболд: Өнөөдөр Монгол Улсад генерал цол олгож эхэлсний ойн өдөр тохиож байна. Генерал цол бол дэлхийн цол. Хаана ч эрхэм хүндтэй цол шүү дээ. Энэ дашрамд Монголын бүх генарал цолтнууд болон тэдний гэр бүлийнхэнд баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. 1974 оноос эхлэн цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Тэр үедээ би өөрийгөө генерал болно гэж зүүдлээ ч үгүй явлаа. Цэргийн цолтон ард түмэндээ өргөсөн тангарагаа үнэнч биелүүлж, идэвхтэй сайн ажиллавал өндөр цолонд хүрнэ гэх уриа байдаг байлаа. Гэвч цэргийн сургуулийн оюутны ширээнээс гарч офицерийн вагон зүүгээд явж байхдаа генерал болно гэж бодож байсангүй. Хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ дэмжлэгээр би 1996 оны наймдугаар сард Монгол Улсын 112 дахь генерал болж байсан. Цол олгох шөнөө хувцсыг маань оёод өглөө нь өмсгөж байлаа. Тухайн үед учраа олохгүй баярлаж байв. Генералын мөрдөс зүүсэн хэдий сэтгэлийн хувьд генерал болоогүй л байсан юм шиг байгаа юм. Хожим би энэ цол асар их хариуцлага гэдгийг ойлгосон.

1996 оны наймдугаар сард Монгол Улсын 112 дахь генерал болж байсан