m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.28 06:40
91
Аюулгүй байдлыг хангах үүднээс зарим зохицуулалтыг хийнэ

Долоо хоног бүрийн пүрэв гарагт зохиогддог “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон дагалдах хурлуудын үеэр зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх талаар ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвадорж, Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат  нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ирэх долоодугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад ирэх зочид төлөөлөгчдийн дийлэнх нь нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалт шаардах албан тушаалтай хүмүүс байх юм. Тиймээс арга хэмжээнүүдийн үеэр ЦЕГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хурал зохион байгуулагдах, зочид төлөөлөгч байрлах гол обьект, явах замуудыг хамгаалалтад авах аж.

Дээд түвшний уулзалт болон дагалдах хурлуудын үеэр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашины дугаарын хязгаарлалт хийх, томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах зэргээр зарим нэг зохицуулалт хийнэ. Бусад үед замын хөдөлгөөний болон хэв журмын ямар нэг нэмэлт хязгаарлалт хийхгүй аж.

Дагалдах хурлуудын үеэр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашины дугаарын хязгаарлалт хийх, томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулна

Энэ үеэр сэтгүүлчид саяхан болж өнгөрсөн Ази-Европын парламентын 9 дүгээр уулзалтын хамгаалалт, зохицуулалттай холбоотой асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал АСЕМ-ын хурлуудын үеэр Сүхбаатарын талбайн эргэн тойронд байрлах барилгуудын цонхноос зөвшөөрөлгүйгээр зураг бичлэг хийвэл хариуцлага хүлээлгэх тухай нийгмийн сүлжээнд гарсан мэдээллийг тодруулахад, энэ нь ташаа ойлголт бөгөөд энэ тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэхгүй, харин аюулгүй байдлын үүднээс зураг бичлэгээ зогсоох зэрэг шаардлага тавьж болохыг албаны хүмүүс онцоллоо.

Түүнчлэн уг уулзалтын үеэр явган зорчигчдын хөдөлгөөнийг зохицуулсантай холбоотой санал гомдол иргэдээс гарсан тухайд, Төрийн тусгай хамгаалалтын хуулийн 19.1-д зааснаар төрийн тусгай албан хаагчдад ажил үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс замын цагдаа нар явган зорчигчийн хөдөлгөөнийг тодорхой хугацаанд зохицуулсан байна.

Улс орныхоо нэр хүнд, хууль журмыг дээдэлж, цагдаагийн албан хаагчдын тавьсан шаардлагад хүндэтгэлтэй хандахыг уриаллаа

Гэхдээ энэ үеэр цагдаагийн ажилтан, иргэд хоорондын үл ойлголцол, харилцааны соёлтой холбоотой бага сага зөрчлүүд үүссэн бөгөөд үүнийг холбогдох байгууллагууд анхааралдаа авч дараа, дараагийн үйл ажиллагаандаа засч залруулахаа мэдэгдлээ. Мөн иргэдийг ч бас улс орныхоо нэр хүнд, хууль журмыг дээдэлж, цагдаагийн албан хаагчдын тавьсан шаардлагад хүндэтгэлтэй хандахыг уриалсан юм.