m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 01:25
74
З.Энхболд эмийн үйлдвэртэй танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан GMP (Good Manufacturing Practice) стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглогдсон, иж бүрэн цогцолбор эмийн үйлдвэрийн нээлтэд оролцов. 

Монгол Улсын төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох, экспортыг дэмжих бодлого, зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих бодлогын хүрээнд “Монос” групп 2012 оноос Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран “Олон Улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү цогцолборын Үндсэн үйлдвэрийн нээлт өнөөдөр боллоо. Эмийн үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийн хүчин чадал 3,5-3,9 дахин нэмэгдэж жилдээ 352 сая шахмал эм үйлдвэрлэнэ. Мөн шинээр 100 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангах юм байна. 

“Монос” групп 2012 оноос Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран “Олон Улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлжээ

Энэхүү төслийн хөрөнгө оруулалт 9,8 сая ам.доллар бөгөөд Монгол Улсын эм үйлдвэрлэлийн салбарт хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. “Монос” эмийн үйлдвэр нь өмнө нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа Олон Улсын ISO9001 стандарт, чанарын хяналт, лабораторидоо ISO17025 стандартыг нэвтрүүлсэн. Ийнхүү эмийн шинэ үйлдвэр ашиглалтад оруулж GMP стандартыг хангаснаар Олон Улсын  3 чухал стандартыг нэвтрүүлсэн, дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр болж байна. Нээлтийн ёслолын дараа Улсын Их Хурлын дарга дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. 

GMP стандартыг хангаснаар Олон Улсын  3 чухал стандартыг нэвтрүүлсэн, дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр болж байна

Одоогийн байдлаар “Монос” эмийн үйлдвэр нь 70 орчим нэр төрлийн эм, бэлдмэл үйлдвэрлэж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, эмийн чанар сайжирч экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо бүрдэж байгаа талаар үйлдвэрийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцуулж байлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.