m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 01:28
61
УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  өргөн мэдүүллээ. 

Тогтоолын төсөл нь эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан, үндсэн чиглэлийг Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хууль, бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй нягт уялдуулан хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгажээ. 

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэгтэй бөгөөд эдгээрийн хүрээнд 2017 онд хэрэгжүүлэх бодлогын зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилтийн хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр, хариуцах яам байгууллагыг тусгаснаас гадна үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээ нь урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичигтэй хэрхэн уялдаж байгааг харуулсан байна. 

Монгол Улсын Засгийн газар эдийн засагт бий болсон хүндрэл, бэрхшээлийг даван туулах эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогыг авч хэрэгжүүлснээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн тэнцэрт байдлыг хангах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэн эдийн засгийн өсөлтийг тогтвортой түвшинд хадгална. Нийгмийн хөгжлийг хангах зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг хадгалах, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн батлан хамгаалах салбарын чадавхийг бэхжүүлж, энхийг эрхэмлэсэн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.