m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 04:56
55
Шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.04.29.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 28 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, энэ өдрийн хуралдаанаар 16 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, С.Бямбацогт нар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн талаарх цэцийн 05 дугаар дүгнэлтийг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгааг санал болгов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Цог нэг намын бүлгээс шалтгаалаад төрийн ажил гацаж болохгүй, иймээс сонгуулийн хуульд заасан асуудлуудыг хуулийн хугацаанд нь саадгүй хэрэгжүүлэх үүднээс Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг санал хурааж олонхиороо шийдье гэсэн горимын санал гаргасан юм. Гишүүдийн гаргасан саналтай холбогдуулан хуралдаан даргалагч эвслийн бүлэгт өгсөн завсарлагын үр дүнгийн талаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгээс тодруулахад эвслийн бүлэг хуулийн дагуу завсарлага авсан, энэ хугацаандаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр ажиллаж байгаа.

Иймээс бүлгийн дарга бүлгээ хуралдуултал цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаагаа хэлсэн юм. Иймээс хуралдаан даргалагч эвслийн бүлэг 14 цагаас өмнө хуралдаж асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэдгийг сануулаад хэрэв энэ хугацаанд багтааж асуудлаа шийдэхгүй бол 14 цагаас эхлэх чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд “Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно” гэж заасныг сануулсан юм.

Ингээд чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно” гэж зааснаар Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар төрөөс баримтлах бодлогын эрх зүйн суурь үндэс бүрдсэн.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Харьяатын тухай хуулийг 1995 ондбаталсан бөгөөд тус улсын нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, шинэчлэлийн дүнд шинэ тутам бий болсон харилцааг зохицуулах зорилгоор нийт 4 удаагийн өөрчлөлтийг оруулсан хэдий ч өнөөгийн нийгмийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Тухайлбал, Монгол Улсын төр, иргэн хоорондын эрх зүйн тогтвортой холбоог баталгаажуулсан, тус улс иргэнээ алддаг бус авч үлдэх бодлогыг тодорхойлсон эрх зүйн суурь зохицуулалтыг цаг алдалгүй хуульчлахгүй бол 1995 оноос өнөөг хүртэл хугацаанд /2015 оны 12 дугаар сарын байдлаар/ давхар харьяалал үүсгэсэн 16000 орчим насанд хүрсэн иргэн /тэдгээрийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүд/, 6000 орчим хүүхдийн иргэний харьяаллын зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүсч байна.

Иймээс Харьяатын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйл,Улсын Их Хурлаас 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д нийцүүлэн шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Иргэний харьяаллын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга илтгэлдээ дурдав.

Түүнчлэн улс орны эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, агуулгатай уялдуулах үндсэн зорилгоор хуульд заасан тодорхой шалгуурыг хангасан этгээдийн тус улсад зорчих, оршин суух болон харьяат болохтой холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэхээр тусгажээ.

Харин уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.

Ингээд хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ж.Батзандан, Д.Ганхуяг, А.Бакей, Д.Лүндээжанцан, А.Тлейхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Н.Энхболд, О.Баасанхүү, Р.Амаржаргал нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төр, хувь хүн хоорондын эрх зүйн тогтвортой холбоог тодорхойлж, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, харьяаллаа алдах, иргэний харьяаллыг сэргээн тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа.

Монгол Улс өнөөдрийг хүртэл иргэнээ гадагш алддаг байсан бол энэ хуулийн төслөөр иргэнээ алддаггүй байхыг гол зарчим болгож байгаа. Өнгөрсөн 20 жилд 59 мянган хүн Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан бол 221 хүн манай улсын харьяат болсон, манай 16 мянган иргэн давхар харьяалалтай байна. Мөн 252 хүүхэд гадаадын иргэний гэр бүлд үрчлэгдсэн байна. Тиймээс тэдгээр хүүхдүүд манай улсын нэгдэж орсон олон улсын конвенцийн дагуу 18 нас хүртэл иргэний харьяаллаа алдахгүй байх, Монгол Улсын иргэнээ хадгалдаг тогтолцоог нээж өгөх бодлого барьж байгаа. Түүнчлэн хүн ам цөөнтэй манай улсын хувьд улс орныхоо хөгжлийг урагшлуулах, хүн амаа нэмэгдүүлэх, соёл уламжлалаа хадгалж түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс дэлхийн бусад оронд байдаг арга хэлбэрийн дагуу иргэний харьяаллын асуудалд хөх үнэмлэхийг ашиглах зохицуулалтыг төсөлд тусгасан.

Хуулийн өөр нэг чухал үзэл баримтлал нь Монгол Улсын иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн явдал юм. ХэрэвМонгол Улсын иргэн давхар харьяалалтай болсон бол тухайн гадаад улсын иргэний харьяаллыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Гадаадын иргэн Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа иргэний харьяаллаас гарсан байхаар зохицуулсан гэдгийг хэллээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Ж.Батзандан нар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Болд энэ хууль нь улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал учраас ихээхэн болгоомжтой, няхуур хандах ёстой. Монгол Улс давхар харьяаллыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, үүнийг үгүйсгэсэн хуулийг хэзээ ч гаргахгүй, мөн хөх үнэмлэхийг зөвхөн гадаад улсын иргэн болсон, гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэд, тэдний үр хүүхдүүдэд эх орондоо чөлөөтэй ирж буцах боломж олгох үүднээс олгохоор зохицуулна гэсэн тохиолдолд хуулийн төслийг дэмжинэ гэдгээ хэлж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл адил саналтай байгаагаа хэллээ. Түүнчлэн Н.Энхболд, Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын гишүүд цаашид энэ хуулийг төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Ингээд байнгын хорооны саналаар Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.