m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 06:30
73
З.Энхболд: Манай нам олонхын санал авна гэдэгт итгэлтэй байна

Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө.

Сонгуульд оролцохоо илэрхийлж тус намын удирдлагууд энд ирсэн байна.

АН-ын дарга З.Энхболд "2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газраар хянуулаад Сонгуулийн Ерөнхий хороонд өгөөд гарч ирлээ.

Бид уламжлалаа баримтлаад, билэгдлээ эрхэмлээд, их үйлсийг эхлүүлэх бүтээн босгох барилдлага төгөлдөр биелэл учрал бүрдсэн өдрийг хүлээж байгаад өнөөдөр өгч байна. 



Экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эд эзэлсэн, хөөсөрсөн эдийн засгийг дөрвөн жилийн өмнө АН хүлээн авсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ 2-5 дахин унаж, эдийн засгийн хөөс хагарсан сорилтын жилүүдийг АН ард түмэнтэйгээ цуг тууллаа. 

Эдийн засгийн бэрхшээлийг бид хараад гар хумхин суусангүй. Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, Монгол хүнийг ажилтай орлоготой байлгахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. 

Манай нам 2012 онд улс орны хэтийг харж улс орны холын бодлоор боловсруулсан “Монгол хүн 2020” хөтөлбөрөө улам төгөлдөржүүлэн, иргэдээ халамжид найддаг биш бүтээдэг тэр хэрээрээ тогтвортой орлоготой болгох бодлогыг баримталж ажиллалаа. 

Баялаг бүтээж чаддаг ард түмэн баталгаатай амьдарч чаддаг гэж АН үзлээ. 



“Монгол хүн 2020” хөтөлбөр шинэ шатанд гарч хэрэгжинэ. Өмнөх жилүүдийн туршлага бодитой тооцоо судалгаанд үндэслэсэн “Монгол хүн 2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд АН-ын дарга миний бие сонгуулийн кампаниа удирдаж, сонгуулийн менежерүүд, намны олон зуун гишүүдтэйгээ сонгуулийн нөр их ажлын ард гарах болно. 

Бид амжилттай оролцож, ард түмнээсээ олонхын санал авна гэдэгт итгэж байгаа” гэлээ. Дээрх мэдээллийг хийсний дараа АН-ын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Хямралтай холбогдуулаад мөрийн хөтөлбөртөө ямар асуудлыг тусгасан бэ?

-АН дөрвөн жилийн өмнө сонгуульд олуулаа болоход эдийн засаг ямар байсныг та бүхэн мэднэ. Сүүлийн 100 жилд тохиосон гурван супер циклийн нэгийг унаж байхад бид таарсан. Засгийн эрхийг авсан уу гэсэн шиг бүх түүхий эдийн үнэ унасан. Ийм хэцүү үед бид эдийн засгийг бүтээдэг тал руу нь, солонгоруулдаг тал руу нь, халамжийн мөнгө тараадаг биш болгохыг зорьсон. 

Өнөөдөр дөрвөн жилийн дараах өндөрлөгөөс харахад энэ их ажлын ард гарсан байна. Баялаг бүтээдэг хүмүүсээ дэмжихээр бид мөрийн хөтөлбөртөө оруулсан. Уул уурхайн бус экспортыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн баялаг бүтээдэг, ажил хүмүүсийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр мөрийн хөтөлбөртөө оруулсан байгаа. 

Энэ дөрвөн жилд бид эдийн засаг, дэд бүтцийн сууриа тавьлаа. Эдгээр ажлууд улам эрч хүчтэй цааш үргэжллэх болно. 

-Ирэх жилүүдэд ямар асуудал шийдэгдэх боломжтой байгаа вэ. Өмнөх мөрийн хөтөлбөрөөс ялгагдах гол ялгаа нь юу вэ?

-Бид дэлхийн эдийн засаг унасан байдалтай, цаашид сэргэх төлөвгүй нөхцөлд дахин дөрвөн жил амьдрах гэж байна. Эдийн засгийн өсөлт 17 хувь болдог шиг аз дэлхийн аль улсад таарахгүй болж байна. 

Бид эдийн засгийн өсөлт нь зогссон дэлхийд яаж амьдрах вэ гэдгээ бодож мөрийн хөтөлбөрөө хийсэн. Уул уурхайн бус салбарыг хөгжүүлж эспортыг энэ тэргүүнд гэдэг зорилтыг тавьж байгаа.