m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 06:37
75
М.Энхболд: Нийгмийн амьдралын бүхий л салаа мөчирт сэргэлт авчрах бодлогыг боловсруулсан

Энэ оны УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүдийн албан ёсны хүсэлтийг СЕХ хүлээн авч байна. Хуулийн дагуу энэ сарын 30-ны дотор нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлт болон мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүлээлгэн өгөх ёстой. МАН-ын удирдлагууд СЕХ-нд очиж, 2016 оны сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө өглөө.Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Бидний материалыг хүлээн аван хянаж, сонгуульд оролцох эрхийг маань хуулийн дагуу олгож өгнө гэж найдаж байна. 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийг Сонгуулийн болон бусдад хуулиудад заасны дагуу шударга, сайн зохион байгуулж, улс төрийн хүчнүүдийг, бие даагчдыг адил тэнцүү  нөхцөлд өрсөлдүүлэх, үүссэн асуудалд шударгаар хандаж, Монгол төрийг эмхлэн байгуулахад та бүхнийг анхаарал тавин ажиллана гэдэгт МАН найдаж байна” гэв.Сонгуулийн ерөнхий хороо  энэ бямба, ням гарагт ажиллаж, намуудын мөрийн хөтөлбөрийг хянах юм байна. Уг ажлын дараа буюу ирэх долоо хоногоос намуудад батламж гардуулах аж. Үүний дараа МАН-ын дарга М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Манай нам энэ удаагийн сонгуульд Монгол орны иргэн бүрийн амьдралын үе шат бүрт зориулагдсан тодорхой бодлого боловсруулсан. Нийгмийн амьдралын бүхий л салаа мөчирт сэргэлт авчрах бодлогыг иж бүрэн тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөрийг боловсруулж, СЕХ-нд өгч байна. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу бид сонгуульд ялалт байгуулж, иргэдээ ядуурлаас аварч, эх орноо өрийн дарамтаас хөнгөлөн, эдийн засгийн хямрал, төр засгийн дампуурлыг  арилгана. Хүчирхэг Монгол орныг цогцлоох зорилтыг бид хамтдаа хэрэгжүүлнэ. Сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Монголыг аврах төв штабаа өчигдөр гүйцэтгэх дээд байгууллагаараа хэлэлцэж баталсан. Намын дарга сонгуулийг удирдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй штабыг байгуулсан” гэсэн мэдээллийг өглөө.

Намын дарга сонгуулийг удирдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй штабыг байгуулсан” гэсэн мэдээллийг өглөө.