m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.04 09:13
196
М.Анхцэцэг: Гэрийнхэн маань зөвшөөрдөггүй байсан ч одоо бол үнэнч фэн болсон

Узбесктаны Ташкент хотноо "РИО-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрсөн. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-ийн жинд оролцсон М.Анхцэцэг Ази тивийн аварга болж, монголчуудад баяр бахдал бэлэглэж, олимпийн эрх авч чадлаа. Манай сайтын хамт олон "Масс зочин" буландаа Ази тивийн аварга  М.Анхцэцэгийг урьж ярилцлаа.

-Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож түрүүллээ. Мөн хүндийн өргөлтийн төрөлд олимпийн эрхийг эх орондоо авчирсан танд баяр хүргэе?

-Баярлалаа. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ. Хамгийн чухал нь хүн төрөлхтний их наадам олимпийн хүндийн өргөлтийн төрөлд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авч чадлаа. Олимпийн эрх олгох тэмцээн учраас их өрсөлдөөнтэй болж өнгөрсөн.

-Энэ удаагийн Азийн аваргад жин өгсөж орсон. Хэдий тийм ч бахдам амжилтыг үзүүлж чадсан байна?

-Миний үндсэн жин бол 69 кг. Энэ удаагийн тэмцээнд жин өгсөж 75 кг-ийн жинд оролцсон. Бэлтгэл сайн байсан учраас амжилтанд хүрч чадлаа.

-Энэ тэмцээнд түрүүлж, олимпийн эрх авна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Өмнө нь Залуучуудын олимпийн наадам, насанд хүрэгчдийн ДАШТ-д хоёр удаа оролцож байсан учраас айж, сандрах зүйл гараагүй. Бие болоод сэтгэлзүйн бэлтгэл сайн байсан учраас өөрийгөө төвлөрүүлж зорилгодоо хүрч чадсан.

Сэтгэлзүйн бэлтгэл сайн байсан учраас өөрийгөө төвлөрүүлж зорилгодоо хүрч чадсан.

-Мэдээж Азийн аварга мөн Олимпийн эрх олгох тэмцээн учраас өрсөлдөөн ширүүн байсан байх. Аль орны өрсөлдөгчид хүчтэй байв?

-Миний оролцсон жинд Солонгос, Тайвань улсын тамирчид хүрчтэй өрсөлдөгчид байлаа. Огцом өргөлтөөр 112, түлхэлттэй өргөлтөөр 132 кг-ийн өргөсөн. Тэгээд төрөл бүртээ түрүүлж гурван алтан медаль хүртсэн.

-Энэ спортоор хичээллээд багагүй хугацааг үджээ. Хичээллэж эхэлсэн тэр цаг үеэ эргээд дурсвал?

-Хүндийн өргөлтийн спортоор хичээллээд найман жил болсон байна.  10 настай байхдаа л энэ спортод дурлаж сонирхлоороо хичээллэж эхэлсэн. Аав, ээждээ энэ спортоор хичээллэх болсоноо дуулгахад хүлээн зөвшөөрөөгүй. Аав, ээж хоёр охиноо төмөр өргөөд зогсоно гэж төсөөлөлөхд хэцүү байсан байх л даа. Өөрөө хичээж зүтгэсний үр дүнд аав, ээж хоёр маань энэ спортоор хичээллэхийг зөвшөөрсөн. Одоо миний хамгийн үнэнч шүтэн бишрэгчид маань болсон.  Тухайн үед хүндийн өргөлтийн спортын талаар мэддэг хүн цөөхөн. Хүндийн өргөлтөөр хичээллээд 3-4 жил болчихоод байхад эргэн тойрны хүмүүс мэддэггүй л байж дээ.

Аав, ээж хоёр охиноо төмөр өргөөд зогсож байгааг төсөөлөөгүй байх.

-Зорилгодоо хүрэхийн төлөө тууштай байх нь амжилт дагуулдгийг та харууллаа Энэ спортын хамгийн сайхан зүйл нь юунд байдаг юм бэ?

-Мэдээж эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүнд ч гэсэн хэцүү спортын төрөл. Гэхдээ бүх спорт л хэцүү байдаг. Хамгийн чухал нь тухайн хүн энэ спортын төлөө гэх чин сэтгэлтэй байх ёстой. Шантрах үе байдаг ч нэгэнт сонгосон зам учраас буцах эрх байдаггүй. Медалийн тавцанд гараад гаргасан амжилтаараа бахархаж, эх орныхоо төрийн дуулал, алтан соёмбоо мандуулах ямар сайхан байдаг юм бэ. Үнэхээр их баярласан шүү.

Хамгийн чухал нь тухайн хүн энэ спортын төлөө гэх чин сэтгэлтэй байх ёстой

-Олон  тамирчин, багш дасгалжуулагчийн ачаар хүндийн өргөлтийн спорт манай улсад эрчимтэй хөгжиж байна. Энэ спортоор хичээллэх сонирхолтой байгаа хүүхэд залуучуудад хандаж та юу гэж хэлэх вэ?

-Хамгийн түрүүнд хүндийн өргөлтийн талаарх мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Хүмүүс энэ спортоор хичээллэвэл намхан болно гэж ярьж байдаг. Өнгөц харахад хүчний спорт мэт боловч маш их техник, хурдыг шаарддаг. Энэ спортыг сонирхож байгаа хүүхдүүд хичээллэх хэрэгтэй. Эх орныхоо дэлхийн тавцанд гаргах мундаг тамирчин олон төрнө гэдэгт итгэлтэй байдаг.

Өнгөц харахад хүчний спорт мэт боловч маш их техник, хурдыг шаарддаг. 

-Хүндийн өргөлтийн спортоор хичээллэж, амжилт гаргахад сэтгэл зүй их чухал гэж ярьж байсан шүү дээ. Сэтгэл зүйн бэлтгэлийг хэрхэн хийдэг бол?

-Хүндийн өргөлтийн спортын нэг онцлог байдаг. Бусад спорт хүнтэй өрсөлддөг бол хүндийн өргөлт  өөртөөгөө өрсөлддөг. Би өөрийгөө зоригжуулж тэр төмрийг өргөхөөс биш хэн нэгнээс шалтгаалахгүй.тэрийн сайн ойлгож, анхаарлаа төвлөрүүлж чадна гэсэн итгэлтэй байх нь чухал.

Би өөрийгөө зоригжуулж тэр төмрийг өргөхөөс биш хэн нэгнээс шалтгаалахгүй.

-Зөвхөн хүндийн өргөлт гэлтгүй спортын төрлийг хөгжүүлэхэд тогтмол тэмцээн, уралдааныг зохион байгуулах нь чухал юм шиг санагддаг?

-Спорт гэдэг хөрөнгө, мөнгө их шаарддаг. Жилд 12 буюу сард нэг удаа тэмцээн болдог. Ихэвчлэн өсвөр үе, залуучуудын тэмцээн илүү болдог. Учир нь хүндийн өргөлтийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуусыг татах, шинэ тамирчдаа дэмжих зорилготой байдаг. Олон улсын шинж чанартай тэмцээнд жилд 5-6 удаа  явж байна.

Олон улсын шинж чанартай тэмцээнд жилд 5-6 тэмцээнд явж байна.

-Хэрвээ М.Анхцэцэг энэ спортоор хичээллээгүй бол гэдэг асуултыг өөртөө тавьж байсан уу?

-Би 114 дүгээр сургуульд сурч байхдаа анх штанг өргөж үзсэн. Спорт гэдэг зүйл хүнийг төлөвшүүлдэг. Энэ спортоор хичээллээгүй бол М.Анхцэцэг ямар хүн байх байсан бол гэж хааяа боддог.

М.Анхцэцэг ямар хүн байх байсан бол гэж хааяа боддог.

-Хүндийн өргөлтийн спорт хөгжих боломж байгааг бид харлаа. Зөвхөн барилдах бус өөр төрөлд монголчууд амжилт гаргаж чадаж байна шүү?

-Монгол цус гэдэг агуу шүү дээ. Манай улсад хүндийн өргөлтийн спорт сүүлийн гурван жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа. Энэ спортоор хичээллэж байсан, зүрх сэтгэлтэй хүмүүс нэгдэж чадсанаар хүндийн өргөлт эрчээ авсан гэж хэлж болно. 2020 оны Токиогийн олимпод Монгол Улсын хүндийн өргөлтийн тамирчид өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байдаг.

2020 оны Токиогийн олимпод Монгол Улсын хүндийн өргөлтийн тамирчид өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байдаг.

-Азийн аварга болж олимпийн эрх авна гэдэг сайхан ч нөгөө талдаа маш их хариуцлага ирж байгаа болов уу?

-Энэ амжилт зөвхөн минийх биш. Нэг хүний ард маш олон хүн байгаа. Багш дасгалжуулагч, гэр бүл, найз нөхөд энэ спортын төлөө цохилох зүрхтэй дэмжигч байгууллагууд гээд. Мэдээж энэ удаагийн олимпод амжилт гаргаж оролцохын төлөө өөрт байгаа бүх нөөц бололцоогоо дайчлах болно.

-Монголчууд таныг анхааралтай ажиглаж байна. Амжилт гаргах тэр сайхан өдрийг тэсэн ядан хүлээж байна. Танд болон танай дасгалжуулагч, багш нарт өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсье. Олимп болох өдөр ойртсоор л байгаа шүү?

-Хичээх болно оо. Баярлалаа. 

Энэ амжилт зөвхөн минийх биш