m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 06:24
203
Санхүүгийн зах зээл дэх татварын тогтолцоо

 

 

Аливаа улсын төрөөс иргэд, аж ахуйн нэгждээ ногдуулж буй татвар нь үндсэн 2 үүрэгтэй. Эхнийх нь мэдээж улсын төсвийн орлогыг бүрдүүлэх. Ингэснээр цагдаа, шүүх зэрэг хувийн хэвшлээс үргэлж ангид байх төрийн бүтцийн байгууллагуудыг санхүүжүүлэх мөн эрчим хүч болон автозамын сүлжээ зэрэг улсын хэмжээний дэд бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэдэг. Харин төрөөс ногдуулж буй татварын 2 дахь үндсэн үүрэг нь эдийн засаг дахь ерөнхий зохицуулалтыг хэрэгжүүлэх юм.  Монгол Улсын Үндсэн Хуульд “…Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан бөгөөд эдийн засгийн зохицуулалтын хамгийн үр нөлөөтэй хэрэгсэл нь татварын бодлого байдаг.

Онол болон практикийн аль алинд нь баялаг, орлогын тэгш хуваарилалтыг бий болгоход татварыг ашигладаг. Тухайлбал, ашиг орлого ихтэй салбарт өндөр татвар ногдуулж тэрхүү орлогыг нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжид зарцуулах нь ихэнх улсын төрөөс баримтлагдаг татварын бодлогын нийтлэг зарчим байдаг.

Ингэснээр цагдаа, шүүх зэрэг хувийн хэвшлээс үргэлж ангид байх төрийн бүтцийн байгууллагуудыг санхүүжүүлэх мөн эрчим хүч болон автозамын сүлжээ зэрэг улсын хэмжээний дэд бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэдэг. 

Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын татварын үйлчлэлд хамаарна. Энэхүү зах зээлийн гол хоёр салбар нь 1) арилжааны банкны сектор 2) үнэт цаасны зах зээл байдаг. Өнөөдрийн байдлаар санхүүгийн зах зээлийн 96 хувийг нь арилжааны банкууд дангаараа бүрдүүлдэг бол урт хугацаат, бага хүүтэй санхүүжилт бэлтгэн нийлүүлэх үүрэг бүхий үнэт цаасны зах зээл нь дөнгөж 2 хувийг эзэлдэг. Даатгал, бичил санхүү, банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн бусад үйлчилгээ нийлээд үлдэх 2 хувийг эзэлнэ. Төрийн удирдлагууд, Засгийн газар болон намуудын мөрийн хөтөлбөрт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ, хөрөнгийн биржийг сэрээнэ, олон нийтийн хөрөнгө оруулалтын талбарыг бий болгоно гэх хоосон уриа, лоозон их байх боловч сүүлийн 25 жилийн хугацаанд арилжааны банкнаас өөр санхүүгийн байгуулагууд хөгжих нь байтугай  хаалгаа барьж, дампуурсан нь их. Асуудал яагаад ийм байдалд хүрэв?

Санхүүгийн зах зээл дэх оролцогч байгууллагуудын тэгш бус өсөлт, хөгжилт нь энэхүү салбарт баримталсан татварын бодлогын тэгш бус байдалтай шууд хамааралтай гэж үзэж болно. Жишээ нь, иргэнд татвараа төлсний дараа тодорхой хэмжээний мөнгө хуримтлал байлаа гэж бодоход түүнд 2 сонголт бий. Эхнийх нь арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр хадгалууулж хүү авах, харин дараагийнх нь Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын бонд, хувьцаа, үнэт цаас худалдан авч ногдол ашиг хүртэх. “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн дагуу иргэд аливаа компанийн хувьцаа, үнэт цаасны ногдол ашиг болон ханшийн зөрүүнээс олсон орлогын 10 хувиар тооцож улсад татвар төлдөг. Тухайлбал, та Хөрөнгийн биржээр нээлттэй арилжигдсан “Эрчим Инженеринг” компанийн бондоос 10 сая төгрөгийн хүүгийн орлого олсон бол түүний 10 хувь болох 1 сая төгрөгийг татварт төлнө. Харин иргэд мөнгөн хуримтлалаа арилжааны банкинд байршуулвал “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн 16.1.16 дахь заалтаар хадгаламжийн хүүгийн орлого нь татвараас чөлөөлөгдөнө гэж заасан байдаг. Тиймээс нэгэнт  иргэнд байгаа 2 сонголтын нэг нь хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх тул иргэд мөнгөн хуримтлалаа тэрхүү салбарт оруулж байгаа нь төрөөс санхүүгийн салбарт баримталсан татварын бодлогын үр нөлөө юм. Олон улсын нийтлэг жишгээ банкны хадгаламжийн хүү нь эсрэгээрээ энгийн бус орлогод тооцогдож илүү өндөр буюу 30-40 хувийн татвартай байдаг байна.

Тэдний өртөг зардлын гол орц болох санхүүжилтийн хүү буурснаар өрсөлдөх чадвар нэмэгдэх, ингэснээр үйлдвэрлэх бараа үйлчилгээ нь нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтийн суурь хангагддаг. 

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр үүний үр ашгийг хүртэх нь бодит үйлдвэрлэл, үйлчилгээ явуулагч аж ахуйн нэгжүүд юм. Тэдний өртөг зардлын гол орц болох санхүүжилтийн хүү буурснаар өрсөлдөх чадвар нэмэгдэх, ингэснээр үйлдвэрлэх бараа үйлчилгээ нь нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтийн суурь хангагддаг. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, банкнаас бусад санхүүгийн салбаруудыг солонгоруулан хөгжүүлэх эхний алхам нь татварын эрх тэгш, шударга зохицуулалтыг хэрэгжүүлэх явдал юм.