m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 04:46
67
Г.Баярсайхан: Залуус Японд мэргэжил дээшлүүлнэ

Өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан монгол залуус дэлхийн шилдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Япон улсад мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх эхний алхам хийгдсэн талаар мэдээлэл хийлээ.

Энэ сарын 16, 17-нд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид Япон улсад ажлын айлчлал хийжээ. Айлчлалын үеэр Г.Баярсайхан сайд Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозакитай уулзалт хийсэн байна. Уулзалтаар УИХ-ын дарга З.Энхболдын ирэх сарын 01-03-нд Япон улсад хийх албан ёсны айлчлалын үеэр Монгол залуусыг Япон улсад мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурахаар тохирчээ. Ингэснээр монгол залуус Япон улсад мэргэжил дээшлүүлж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ гэдгийг Г.Баярсайхан сайд онцоллоо.

“Монгол Японы хөдөлмөрийн форум” зохион байгуулжээ

Тэрбээр “Айлчлалын үеэр Токио хотноо “Монгол Японы хөдөлмөрийн форум” зохион байгуулсан. Монгол, Японы Засгийн газар хоорондын “Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр орон бараа бүтээгдэхүүнээ харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулах болсон. Үүний тулд бид Япон Улсад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхийн тулд нэн тэргүүнд тухайн улсад залуусыг сургаж, эрэлт хэрэгцээг нь судлах, үйлдвэрлэл эрхлэх туршлагаас нь судлах чухал юм. Хөдөлмөрийн форумын үеэр Японы аж ахуйн нэгжүүд Монголоос мэргэжлийн ур чадвартай залуусыг олноор авч ажиллуулах сонирхлоо илэрхийлсэн. Мөн Японы мэргэжлийн ур чадвартай залуусыг бэлтгэдэг “JITCO” байгууллагын удирдлагатай уулзаж, Монгол залуусыг тус улсад мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэлний сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан” гэлээ.

Монгол залуусыг тус улсад мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэлний сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллана

 Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Монгол залуусыг Японд сургахад тодорхой дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Өнөөдөр Япон улсын хөдөлмөрийн зах дээр залуучуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд асар том өрсөлдөөн явдаг. Монгол Улсын хөгжлийг цаашид нуруундаа үүрч явах мэргэжлийн ур чадвартай залуучуудыг Японд албан ёсоор хөдөлмөрийн зах зээлд дадлагажуулахаар тохиролцож байгаа. УИХ-ын даргын айлчлалын үеэр Санамж бичигт гарын үсэг зурахад бүх мэдээлэл илүү тодорхой болно.

-Дадлагажих хүмүүст ямар шалгуур тавих вэ. Япон руу явах залуусын тоог заасан уу?

-Мэргэжлийн ур чадвартай залуучуудыг бид энэ хөтөлбөрт хамруулъя гэсэн бодлого баримталж байгаа. Жишээ нь МСҮТ, Политехникийн коллеж, мөн Их дээд сургууль төгссөн залуусыг энэ хөтөлбөрт хамруулах бодолтой байна. Яг тодорхой тоо заагаагүй.

-Одоогийн байдлаар Япон улсад Монголын хэдэн залуу сурч, ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар Япон улсад Монголын 7000 гаруй иргэн байна. Үүнээс 600 гаруй залуу мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхээр ажиллаж байна.