m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.22 08:15
198
Мэргэжил бүхэн сайхан өдөрлөг болж байна

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, шилдэг бүтээл, үйлчилгээг олон нийтэд танилцуулах, мэргэжилтэй ажилтны ур чадварыг сурталчлах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг Чингисийн талбайд болж байна.

Хөдөлмөрийн яамны санаачилгаар зохион байгуулж буй уг өдөрлөгт төрийн болон төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол сургалтын 58 байгууллага оролцож байна. Мөн дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийнхэн, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд, Хөдөлмөрийн яамтай хамтран ажилладаг түнш байгууллагууд болох төсөл хөтөлбөрийнхөн, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, ажил олгогчид оролцож байна.

Өдөрлөгт төрийн болон төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол сургалтын 58 байгууллага оролцож байна

“Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нээж үг хэллээ. Тэрбээр улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын 81 байгууллага 193 мэргэжлийн дагуу сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн өдөрлөгийн арга хэмжээнд нийт 58 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага оролцож байгааг дуулгаад “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь суралцагчдыг дадлагад суурилан хөгжүүлж, бодит бүтээл, бүтээгдэхүүнийг бий болгож байдгаараа онцлогтой. Сургуулиудын үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ашиглагдах багаж, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын салбарт хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, тоглоом наадгай, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүнүүд байгаа нь оюутан, залуус, олон нийт, ажил олгогчид болоод бизнесийн түншлэгчдийн анхаарлыг татах нь гарцаагүй. Үүнээс харахад мэргэжилтэй ажилтан бүр үндэсний баялгийг бүтээгч юм. Үндэсний баялаг бүтээгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ур чадвартай болгон бэлтгэхэд мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Та бүхэн салбарт гарч буй өөрчлөлт шинэчлэлийг бодитой мэдэрч, мэргэжлээ зөв сонгон техник, мэргэжлийн боловсролтой болох нь зөв, чухал сонголт болохыг хэлэх нь зүйтэй” хэмээсэн.

Энэхүү өдөрлөгт залуучуудын бүтээлийн үзэсгэлэн, Мэргэжлийн ур чадварын шоу үзүүлбэр, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 200 суралцагч оролцсон FLASHMOB боллоо.