m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 00:07
52
МАХН-ын гурван сайдыг чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлжээ. Тодруулбал, Шадар сайд Ч.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд С.Баянсэлэнгэ, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлүүлэх хүсэлтийг хүргүүлсэн байна.

Шадар сайд Ч.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд С.Баянсэлэнгэ, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлүүлэх хүсэлтийг хүргүүлсэн байна

Учир нь Засгийн газрын тэргүүн Шударга ёс эвлийн бүлэг задарч бүлгийн чадамжгүй болсонтой холбоотойгоор энэхүү хүсэлтийг гаргасан нь энэ аж.

Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх хүсэлтийн хувийг УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар хүргүүлжээ.

 

Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе.

 

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Б.ГАРАМГАЙБААТАР ТАНАА

Засгийн газрын зарим гишүүний тухай

Улсын их хурлын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр хамгийн олон суудал авсан Ардчилсан нам нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намтай хамтран Засгийн газрыг эмхлэн байгуулсан билээ.

Улс төрийн үйл явдал өрнөж, Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгууль болоход 40-өөд хоногийн хугацаа үлдээд байгаа энэ цаг үед хамтарч Засгийн газар байгуулсан нам, эвслээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг татан буугдаж, эвслийн нэг субьект МҮАН Улсын Их хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцохоор шийдвэрлээд байна.

Харин МАХН-ын хувьд Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд бие даан оролцохоор шийдвэрлэсэн тул улс төрийн соёл, дэлхий нийтэд баримталдаг нийтлэг жишгийг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Цэрэндашийн Оюунбаатар, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Цэрэндашийн Цолмон, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Зангадын Баянсэлэнгэ нарыг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлүүлэх саналаа Улсын их хуралд ойрын хугацаанд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснийг үүгээр мэдэгдье.

Хувийг Ардчилсан намын дарга З.Энхболд, Ардчилсан намын бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлд.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг