m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 02:35
84
Энэ оны хамгийн анхны замыг улсын комисс хүлээж авлаа

2016 онд хэрэгжүүлэх авто замын ажлуудын гарааг амжилттай эхлүүлж, энэ оны хамгийн анхны замыг өчигдөр улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авлаа. Тодруулбал, Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэл 0.75 км авто замыг өчигдөр буюу 2016 оны тавдугаар сарын 23-нд байнгын ашиглалтад хүлээн авсан юм. 

Энэ оны хамгийн анхны замыг өчигдөр улсын комисс хүлээж авлаа
 

Хуучин авто зам нь Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл долоон метр өргөн зорчих хэсэгтэй, 1,5 метр явган хүний замтай, замынхаа нэг талдаа гэрэлтүүлэгтэй байсан юм. Тухайн хэсгийн авто зам бүтцийн хувьд эвдрэлтэй, борооны ус зайлуулах шугамгүй байснаас ус их  тогтдог байв.  Шинэчлэлтийн ажлын хүрээнд Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл долоон метр өргөн зорчих хэсэг болон явган хүний замыг шинэчилж, борооны усны шугамыг шинээр тавьсан юм. Үүнээс цааш үргэлжлүүлэн Удирдлагын академийн авто зогсоолоос “Жапан таун” хорооллын авто зам хүртэл замгүй байсан бөгөөд зорчих хэсгийг 14 метр өргөн, хоёр талдаа явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг болон борооны ус зайлуулах  шугамтай болголоо. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай нийлэх гол маршрут зам болж байгаа юм
 

Уг авто зам нь хэдий хэмжээний хувьд богино мэт боловч иргэдэд маш их ач холбогдолтой зам гэж хэлж болно. Учир нь Зайсангийн гудамж нь “Жапан таун” хотхоны авто замтай холбогдсоноор Чингисийн өргөн чөлөөгөөр дамжин хотын төв, зүүн тийшээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай нийлэх гол маршрут зам болж байгаа юм. Мөн тухайн суурьшлын бүс орчмын иргэдийн хувьд Чингисийн өргөн чөлөө болон бусад замтай холбогдох хамгийн дөт зам болоод  байна.