m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 06:38
107
Зуун зуунд үл мартагдах зуун эрхмийн тухайд...

Сэтгүүлч хүн амарч тухлан, зурагтын удирдлага бариад хэвтэх зав тун бага байдгийг салбартаа ажиллаж буй хүн бүхэн хэлэх байх. Ажлынхаа хажуугаар телевиз үзэх зав гарган, сорчилж хэдхэнийг нь үздэг юм, миний бие. Тэдний нэг нь “Монгол тулгантны 100 эрхэм” гэх нэвтрүүлэг. Нэвтрүүлгээс хальж бүтээл гэх нь илүү үнэнд ойр байх болов уу.

Өдгөөгөөс бараг хоёр жилийн өмнө бүтээсэн энэ нэвтрүүлэг хэзээ ч үл хуучрах, ямар ч цаг үед үнэ цэнэтэй байх болов уу гэсэн бодлыг надад үлдээлээ

Саяхны нэг өдөр МАН-ын манлайлагчдын нэг У. Хүрэлсүхийн оролцсон нэвтрүүлэг гарч байна. Үзлээ, сонслоо. Анхны үзсэн сэтгэгдлээс тэс өөр бодол зурсхийж, шимтэн үзэх шалтгаан ар араасаа хөвөрсөн юм. Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н. Жанцанноров гуайн оролцсон нэвтрүүлэг бас л хэдэн өдрийн зайтай гэрийн хойморт заларлаа. Өдгөөгөөс бараг хоёр жилийн өмнө бүтээсэн энэ нэвтрүүлэг хэзээ ч үл хуучрах, ямар ч цаг үед үнэ цэнэтэй байх болов уу гэсэн бодлыг надад үлдээлээ. Ийнхүү зарим нэг нэвтрүүлгийн талаар цөөн мөр бичсэн нь тухайн оролцогчийг онцлон, санан дурсах бус нэвтрүүлгийг бүтээгчдийг үгүйлж, хайсны илрэл гэдгийг уншигч та ухаарна биз.

Монголын түүхэнд тодоос тод мөрөө үлдээсэн Х.Чойбалсангийн тухай ярих нэрт дипломатч, тэр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Шадарсүрэнгуайн яриа

Монголын агуу дуучин Б.Норовбанзад, дуурийн хатан хаан Х.Уртнасан гуай хоёр нэг өдөр төрийн хүндлэл хүлээсэн гэгээн түүхийг сэтгэл гэгэлзэн сонсож, тэр шагнал ямар шалгуур, ямар үнэ цэнээр ирснийг Монголын 100 эрхмийн нэгний амнаас сонссон.  Монголын түүхэнд тодоос тод мөрөө үлдээсэн Х.Чойбалсангийн тухай ярих нэрт дипломатч, тэр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Шадарсүрэнгуайн яриа, монголчуудын хайрлан хүндэтгэдэг бөх Д.Цэрэнтогтох аваргын амьдралын хүнд цаг мөч хэрхэн хөвөрсөн, унаж сэхэх бүрт хань нь ямар түшиг болсон, Ж.Мөнхбат аваргын амьдралын хөгтэй он цагийн хэлхээнд Хадаа аварга хэрхэн холбогдож байсан.

Алдарт сэтгүүлч Д. Амбасэлмаагийн үнэн хийгээд бүсгүй хүний агуу сэтгэлийг харуулсан, гайхуулсан амттай яриа та биднийг уйдаадаг гэж үү. Суваг солих зуураа нэг зүйл хайж, үгүйлээд байгаагаа би мэдэрдэг юм. Тайз гэж ширээ сандал тавиад, хэд гурван асуулт асуусан, хариулсан болоод суугаа усан яриаг өнөөгийн хэнбугай  ч үл тоох болсон цаг. Харин жинхэнэ эзнээ олсон, үнэнийг өгүүлэх бүтээлийг хэн хүнгүй үгүйлж бас хүлээсээр.

“Энэ бүтээл миний оюуны өмч, хэсэг хугацаанд завсарлаж байна. Үгүй бидний өмч учир Анужинд хамаагүй” гэх мэт өмчирхөл хэсэг явсан ч  хэнд ч үл наалдав. Тухайн бүтээл хэний өмч байх нь эд хөрөнгө хуваах, эрх мэдлийн төлөөх талбар, шүүхийн өмнө асуудал шийдүүлэхэд л хамаатай. Харин таны, тэдний бүтээсэн нэвтрүүлгийг нүд цавчилгүй шимтэн үзэж суугаа үзэгчдэд энэ асуудал огт хамаагүй. Тэд ухаалаг, утга зүйтэй, алсыг харсан сэдвээр ярилцдаг Анужин,  уран яруу үгээр бүтээлийг чимж, түүхэн үйл явдлыг цаг хугацаатай нь санаж, оролцогчдоосоо нэхэж чаддаг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайг бэдэрч байна. Тэдний хөтөлсөн нэвтрүүлгийг л хүлээж сууна.

Нэг өнцгөөс харахад тэдний оюуны өмч мөнөөс мөн ч нөгөө талдаа монголчуудын тархины талх гэдгийг тэд ухаарах оюун бий гэдэгт итгэнэм.

Үзээд өнгөрөх төдийд сэтгэл зүрхэнд үг, үйл хөдлөлөөрөө тодоос тод үлдэх тэдний хөтөлсөн нэвтрүүлгийг бид хэзээ үзэж эхлэх бол. Нэг өнцгөөс харахад тэдний оюуны өмч мөнөөс мөн ч нөгөө талдаа монголчуудын тархины талх гэдгийг тэд ухаарах оюун бий гэдэгт итгэнэм. Энэ нэвтрүүлгийн нэг онцлог нь эрхэм зуун хүнийг онцлохыг тэргүүн эгнээний зорилгоо болгодог учир тэр эрхмийн амнаас унасан үг бүхэн үнэ цэнэтэй, түүх болон үлддэг. Монголын хууль зүйн салбарын ноён оргил Б.Чимэд гуайн оролцсон нэвтрүүлгийг тодоос тод санаж байгаа байх. Түүний агуу сэтгэл, хоёргүй сэтгэлээр төрдөө зүтгэж байсныг тэд цэнхэр дэлгэцнээ мөнхөлж, бүтээл болгон авч үлдэж чадсан.

Хэсэгхэн хугацааны дараа Б.Чимэд гуай бурхны оронд одсон талаар эмгэнэл үзсэн хүн бүхэн 100 эрхийн нэг болж чадсан даа хөөрхий хэмээх тайтгарлыг үзэгч олон өөртөө хэлсэн байх. Мөн Д.Цэрэнтогтох аваргын гэгээн сайхан дүр, чин сэтгэлийн яриаг энэ нэвтрүүлгээс бид сэтгэл догдлон үзэх боломж үлдээж буй нь үнэ цэнэтэй хийгээд түүхээ үнэнээр нь авч үлдэхэд чухал үүрэгтэй, нөлөөтэй. Монголын түүхийг бичилцэж буйнхаа төлөө тэд эвлэрч, нэвтрүүлгээ хийх ёстой бус уу. Монголчууд хүлээж, хүсч байна.