m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 09:55
223
"Мөнгөн мод"-ны эзэд тодорлоо

Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах "Мөнгөн мод" 2015 ёслолын ажиллагаа Драмын эрдмийн театрт болж өндөрлөлөө.

Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах "Мөнгөн мод" 2015 ёслолын ажиллагаа боллоо

Ёслолын ажиллагаанд

-Тайз дэлгэцийн шилдэг найруулагч,

-Тайз дэлгэцийн шилдэг зураач,

-Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин,

-Шилдэг дуучин,

-Шилдэг бүжигчин,

-Шилдэг хөгжимчин,

-Шилдэг биет бус соёлын өвийг өвлөн уламжлагч гэсэн долоо төрлөөр шалгаруулан шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3.0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулдаг билээ.

1.Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчин Д.Саруулыг “Оны шилдэг бүжигчин”-ээр шалгаруулж, “Мөнгөн мод” цом,  мөнгөн шагнал, батламж гардууллаа. Тэрбээр 2015 онд ДБЭТ-ын уран бүтээл П.И.Чайковскийн “Шелкунчик” балетын Маша, “Франческа да Римини” балетын Франческа, “Хунт нуур” балетын Одетта, Оделлия, Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетын Мария, И.Штраусын “Оргилуун дарс” балетын гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж байжээ.

2.Найруулагч Ж.Сэнгэдоржийг "Оны шилдэг тайз, дэлгэцийн найруулагч"-аар шалгарууллаа. А.Баттүшиг, Ж.Сэнгэдорж нарын зохиол "Босуул" түүхэн уран сайхны кино, "Lovers" уран сайхны киног мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьж, үзэгч олны хүртээл болгожээ.

3.Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Г.Ганболдыг "Оны шилдэг тайз дэлгэцийн зураач"-аар  шалгарууллаа. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тавьсан П.Бадарч, Д.Төрбат нарын "Оройн дээд" үндэсний дуулалт жүжиг, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын "Мөнх тэнгэрийн Монгол" концертын тайз, зураг, чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсний учир тодруулжээ.

4.Жүжигчин Р.Анхнямыг "Оны шилдэг тайз, дэлгэцийн жүжигчин"-ээр шалгарууллаа. Түүнийг Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн "Чонон сүлд" уран сайхны киноны Галсмаагийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн хэмээн үнэлсэн юм.

5.Дуурийн дуучин Г.Ариунбаатарыг "Оны шилдэг дуучин"-аар тодруулж шагналаа. ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XY уралдаанд амжилттай оролцож онцгой амжилт үзүүлэн дуурийн дуулаачийн төрөлд I  байр, мөн уралдааны Гран-При шагнал хүртэж, ОХУ-ын "Их Театр" болон "Маринский театр", "Их Британийн "Birmingham Stage", "Buckingham Palace", АНУ-ын Нью-Йорк хотын "Carneige Hall", "Metropolitan opera"  зэрэг олон улсын нэртэй томоохон театруудад уригдан тоглож Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж явааг нь үнэлэв.

6.Улсын Филармонийн хөгжимчин Х.Санчирыг "Оны шилдэг хөгжимчин"-өөр шалгарууллаа. Тэрбээр АНУ-ын олон улсын залуучуудын оркестрт сонгогдон Карнеги Холлд болсон тоглолт НҮБ-ын Ерөнхий ассамблейн олон улсын залуучуудын оркестрын "Энх тайвны төлөө" тоглолтод амжилттай оролцож, "Дөрвөн улирал" бие даасан тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд тоглож үзэгч түмний хүртээл болгосон билээ.