m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 08:02
79
АСЕМ-ын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна

Монгол Улсад ирэх долоодугаар сарын 15-16-нд зохиогдох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад одоогоор 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

Энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, дагалдах хурлууд түүний зохион байгуулалтын асуудлаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, орлогч дарга Л.Оргил, Б.Баясгалан нар “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

5000 гаруй зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөл байгуулагдсанаас хойш жил гаруйн хугацаанд өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг байрлуулах хотхон байгуулах, зочид буудлуудыг чадавхжуулах, хот тохижуулах, мэргэжилтэй ажилчид болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зэрэг хэд, хэдэн чиглэлээр бэлтгэл ажил өрнөж байна.

34 агаарын хөлгийг байршуулах хүчин чадалтай болсон төдийгүй транзит заалыг шинээр ашиглалтад оруулжээ

Нэн түрүүнд зочдод анхны сэтгэгдэл төрүүлэх Монгол Улсын үүд хаалга болсон “Чингис хаан” ОУНБ-ын тохижилтын ажилд чухал ач холбогдол өгч, ИНЕГ өөрсдийн төсвийн хөрөнгөөр 21.7 тэрбум төгрөг санхүүжилт хийн, “Чингис хаан” ОУНБ-ын хөөрч буух зурвасын цемент бетон хучилтын 500 метрийн хүчитгэлийн ажил болон агаарын хөлгийн есөн зогсоол шинээр барих ажлуудыг хийгээд байна. Ингэснээр тус буудал нийт 34 агаарын хөлгийг байршуулах хүчин чадалтай болсон төдийгүй транзит заалыг шинээр ашиглалтад оруулжээ.

Дээд хэмжээний уулзалтын зочид төлөөлөгчдөд зориулж “Нүүдэлчдийн наадам” соёл урлаг, үндэсний спортын арга хэмжээ зохиохоор бэлтгэж байна. Үүний хүрээнд хамгаалалтын бүс дэх камержуулалт  гэрэлтүүлгийг сайжруулах,  наадам болох “Чингисийн хүрээ” жуулчны бааз хүртэлх 3.4 км авто зам болон 400 машины багтаамжтай автомашины зогсоол байгуулах ажил хийж байгаа юм.

3.4 км авто зам болон 400 машины багтаамжтай автомашины зогсоол байгуулна

Хүний нөөц бэлтгэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн яамтай хамтран нийт ажилгүй 800 иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулахаас 472 иргэн сургалтыг амжилттай төгсөн “Чадамжийн гэрчилгээ” аваад байна. Тэдгээрийн  80 хувь нь буюу 377  иргэнийг ажлын байранд зуучлаад байгаа юм. Мөн АСЕМ-ын түнш зочид буудлаар сонгогдсон зочид буудлуудын үйлчилгээний 1800 гаруй ажилтнаас 700 ажилтанг сургалтад бүрэн хамруулсан,  үлдсэн 800 ажилтныг хуваарийн дагуу  тавдугаар сарын 30-наас сургалтад хамруулж эхлэх аж.