m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.27 23:45
211
А.Цэрэнтогтох: Ухаан ороод л хамгийн түрүүнд дүүгээ эмчээс асуусан

Нүүрэнд нь инээмсэглэл тодоос тод гэрэлтсэн, ирээдүйдээ итгэл төгс  байгаа нь илт нэгэн хүү бидэн дээр ирлээ. Анзаарах нь ээ дүрэлзсэн гал дундаас бяцхан дүүгээ аварч, үхэлтэй нүүр тулан хэдэн өдрийг өнгөрөөсөн А.Цэрэнтогтох хүү мөнөөс мөн байлаа. Баярлаж талархсан сэтгэлээ хэлэх гэж "МАСС" агентлагийг зорьж ирснээ дуулгасан юм. Түүний яриа сэтгэл гэгэлзүүлж, нүд дүүрэн нулимстай бид хөөрөлдлөө.

-Юуны өмнө чамд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Чиний инээмсэглэлийг харах үнэхээр сайхан байна?

-Баярлалаа. Би "Масс" агентлагийн хамт олонд талархал илэрхийлэх гэж ирлээ. Миний эрүүл мэнд, манай гэр бүлийн аз жаргалын төлөө сэтгэл зүрхээ зориулж, хандивын аяныг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр эхлүүлж, сайхан сэтгэлтэй монголчууд минь тусалснаар өнөөдөр би эрүүл саруул болж байна. Та бүхнээр дамжуулж баярлалаа гэдэг үгийг монголчууддаа хэлмээр байна. Үнхэээр их баярлалаа.

-Үхэл амьдралын заагт миний дүү хэдэн хоног ухаангүй байлаа. Монголчууд аймшигт мэдээг дуулаад бүгд чиний төлөө зальбирсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Нэг зүйл тэр мөчид сэтгэлийг минь зовоож бас бахдаж байлаа. Дүрэлзсэн гал руу орно гэдэг хэн хүнд баймгүй зориг. Гал түлээд тойрч суухдаа яльгүй ойртоход л ямар байдаг билээ дээ?

-Тийм ээ. Гэхдээ би нэг зүйлийг огт санадаггүй юм.

-Юуг тэр вэ?

-Буцаж гэр рүүгээ орсноо. Би тэр үед дүүтэйгээ гэртээ унтаж байсан. Гэнэт их дуу чимээ гараад гал гарсан.Тэр үеэс хойш сайн санахгүй байгаа юм. Сүүлд сонсох нь ээ манай хөршүүд намайг харсан гэсэн. Гэрээсээ ганцаараа гүйж гарч ирээд буцаад ороод  дүүгээ энгэртээ тэвэрсэн байсан гэсэн. Энэ үйл явдлыг санахгүй байгаа юм.

Эмч харагдахаар нь "Миний дүү яасан бэ, зүгээр үү" гэж асуусан. Эмч зүгээр ээ гэж хэлэхэд нь миний санаа амарсан

-Яг хэзээнээс үйл явдлыг санаж эхэлсэн бэ?

-Нэг ухаан орсон чинь Налайх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан. 

-Ухаан ороод юу болсон талаар бодох сэхээ байв уу. Хамгийн түрүүнд хэний тухай бодсон бэ?

-Дүүгээ л хамгийн түрүүнд асуусан. Эмч харагдахаар нь "Миний дүү яасан бэ, зүгээр үү" гэж асуусан. Эмч зүгээр ээ гэж хэлэхэд нь миний санаа амарсан. /уйлав/

- Ийм сайхан сэтгэлтэй чамаар бахархаж байна?

-Инээж хөхөрч, надад аз жаргал бэлэглэдэг дүү маань яасан бол гэхээс би их айж байсан юм. Тэгээд л дүүгээ асуусан хэрэг.

Найзуудынхаа бичлэгийг үзээд би шууд  уйлсан. Үнэхээр их баярладаг юм билээ

-Монголчууд бүгд л чадах чинээгээрээ тусалсан. Тэр дундаа нэг үйл явдал олон түмний сэтгэлийг их хөдөлгөж, бид хамтдаа байвал хүчтэй байх юм байна гэсэн сайхан сэтгэлийн галыг бидэнд өгсөн. Танай найзууд болон үе тэнгийн хүүхдүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүжиглэж, дуулж мөнгө цуглуулж байсан. Үнэхээр тэр хүүхдүүдээр бахархаж байлаа?

-Тийм шүү. Тэр үед би ухаан орсон байсан. Найзуудынхаа бичлэгийг үзээд би шууд  уйлсан. Үнэхээр их баярладаг юм билээ.Тэд миний хамгийн дотнын нөхөд маань.

-Нэг зүйл одоо ч монголчуудын сэтгэлийг зовоож байгаа. Цаашдаа эрүүл мэнд нь ямар байх бол. 80 хувийн түлэгдэлт гэдэг маш хэцүү шүү дээ?

-Сайхан сэтгэл байхад  бүх зүйл болно гэдэгт би итгэдэг. Тийм болохоор сэтгэлээр өөдрөг байгаад итгэлтэй байж чадвал миний эрүүл мэнд сайхан байх болно.

-Тийм шүү. Одоо өвдөж шаналах зүйл байна уу. Хүзүүний хэсэгт гүн сорив харагдаж байна?

-Сорив нэлээд бий. Цээжний хэсэг маш их түлэгдэлттэй болохоор суниах, дасгал хийх үед таталдаж өвддөг. Бусдаар бол гайгүй шү. Хагалгаа хийсэн Солонгосын эмч нар ирэх сарын 3-нд ирнэ. Тэд намайг үзнэ гэсэн.

Сургууль дотор явж байхад бага ангийнхан "Нөгөө ах чинь явж байна, галаас дүүгээ аварсан" гээд л яриад, хараад өнгөрдөг.

-Найз нөхдийн хүрээлэл өөр болж, чамайг харах , хайрлах, хүндлэх хүн өмнөхөөсөө нэмэгдсэн байх?

-Багш нар маань байнга санаа тавьж, тааралдах бүртээ бие асуудаг. Найзууд маань ч намайг хүндэтгэн бахархаж байгаагаа хэлдэг. Сургууль дотор явж байхад бага ангийнхан "Нөгөө ах чинь явж байна, галаас дүүгээ аварсан" гээд л яриад, хараад өнгөрдөг.

-Танайх одоо хаана байгаа вэ. Аав, ээж нь ажлаа хийж байгаа юу?

-Бид хотод эгчийндээ түр амьдарч байна. Тахилтад нэг газар авсан.Тэндээ байшин барих төлөвлөгөөтэй. Аав харуул хамгаалалтын албанд ажилладаг. Харин ээж саяхнаас жирэмсний амралтаа авсан.

-Нэг зүйлийг заавал асуух ёстой байх. Ингэхэд галын дүгнэлт юу гэж гарсан юм бэ. Чухам юунаас болсон гэж гарсан бэ?

-Мэдэхгүй.

-Чи сонсоогүй юм уу. Эсвэл одоо хүртэл та бүхэнд танилцуулаагүй байгаа юм уу?

-Би сонсохыг хүсээгүй юм. Ээж нэг зүйл үзэж байсан. Хараагүй, уншаагүй.

-Адаглаад л буруутай хүн уучлаарай гэж хэлмээр юм?

-Нэг ч тийм хүн ирээгүй.

-Энэ сэдвээр ярилцах дургүйг чинь ойлголоо. Тэгэхээр ирээдүйгээ хрэхэн төсөөлж байна. Чи энэ жил дунд сургуулиа төгсөх гэж байгаа шүү дээ. Ямар мэргэжилтэй болохоор төлөвлөж байна вэ?

-Би барилгын инженер болохыг хүсдэг. Энэ чиглэлээр дөрвөн шалгалт өгнө. Бэлтгэлээ хийж, багш нараасаа давтлага авсаар байгаа. 

Баярлалаа. Та бүхэнд дахин баярласнаа илэрхийлье. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар хүчтэй байдгийг та бүхэн харуулж чадсан.

-Сайхан сэтгэл, итгэлээр дүүрэн байгаа чамайг хараад сэтгэл маш их хөдөлж байна. Хөөрхөн дүүтэйгээ, аав, ээжтэйгээ  элэг бүтэн амьдарна гэдэг хамгийн сайхан. Удахгүй дахиад дүүтэй болох гэж байгаа юм байна. Дүү нарынхаа бахархан дууриах эрхэм хүн нь байж, хүсссэн мэгэжлээ эзэмшин сайн сайхан амьдрахыг бид хүсэж байна?

-Баярлалаа. Та бүхэнд дахин баярласнаа илэрхийлье. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар хүчтэй байдгийг та бүхэн харуулж чадсан.

-Амьдралд тавтай морил, Цэрэнтогтох оо. Чиний өмнө дардан сайхан зам нээлттэй байна.

-Баярлалаа.