m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.30 02:20
528
Т.Насанбуян: Урлаг байгаа учраас л би өөрийгөө амьд буйг мэдэрдэг

 

Жигүүртэн хүрээгүй уулсын оргил тэргүүн дээгүүр

Жилдээ хүрэхгүй газарт өдөртөө очоод ирэхээр

Мөнгөн цагаан хүлэг минь дүүлж явна аа хө

Мөнгөн цагаан хүлгээ бариад дуулж явна би хэмээх сайхан дуу зохиогдсон цагаасаа хойш 50-иад жил  Монголын ард түмний дунд дуулагдсаар байна.

Тэгвэл Монгол Улсад Иргэний нисэх хүчин үүсч хөгжсөний 91 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, хормейстр, удирдаач Т.Насанбуян гуайг “Масс зочин” буландаа урьж ярилцлаа.

-Сайн байна уу. Хүсэлтийг минь хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. Ярилцлагаа таны урлагт хэрхэн хөл тавьж байсан тэр үеэс эхлэх үү?

-Сайн байна уу. Би Монгол гэдэг сайхан оронд төрсөндөө, намайг төрүүлж ариун цагаан сүүгээрээ тэтгэж өсгөсөн ээжийгээ шүтэж амьдардаг. Ээж минь л намайг энэ хорвоод танилцуулж, урлагийн их замд хөтөлсөн ачтай нэгэн гэдгийг дурьдахгүй, дурсахгүй байхын аргагүй.

Би хүүхэд байхаасаа л их худлаа дуу дуулдаг байсан. Янз бүрийн мэдэх, мэдэхгүй юм дуулаад л яваад байдаг хүүхэд байлаа. Ингээд 1960-аад онд үед тухайн үеийн чихэр боовны үйлдвэрт  ажилчин хийдэг байлаа. Гэтэл одоогийн Үндэсний дуу бүжгийн чуулга \ҮДБЧ\ тэр үеийн Ардын дуу бүжгийн чуулгын ансамбл орон даяар шалгаруулалт зарлаж жүжигчин авна гэсэн зарлал явуулсан. Тэгэхэд надтай хамт чихэр боогчоор ажилладаг н.Цэрэндолгор гэж эмэгтэй бид хоёр шалгуулсан. 100 гаруй хүн тэр шалгаруулалтанд орсоноос бид хоёр л тэнцсэн.

Би залуу байхдаа их хөнгөмсөг байсан юм шиг байгаа юм. Эхлээд бүжигт шалгууллаа. Шүүж байгаа хүн нь Монголын бүжгийн урлагийн их хаан, гайхамшигт бүжиг дэглээж Ц.Сэвжид гуай шавь нартайгаа суучихсан. Тэгээд би шалгуулаад тэнцсэн л дээ. Тэгсэн Цэрэндолгор намайг ятгаад хоёулаа хамт дуунд нь шалгуулья, гоё шүү дээ гээд байхаар нь бас шалгууллаа. Зуун хорь гаруй хүнээс хоёр хүн тэнцсэн нь Цэрэндолгор бид хоёр байсан. Хүн үнэмшмээргүй байгаа биз.

Тэр үед Оросын нөлөө их байсан болохоор би шалгуулахдаа орос бүжиг бүжиглэж, орос дуу дуулсан. Тэгсэн хоёуланд нь шүүмжлүүлсэн л дээ. Манайх “Ардын дуу бүжгийн чуулга аа, ардын дуу л дуулж, ардын бүжиг  бүжиглэ” гэсэн. Ингээд бэлдэж байгаад дахин шалгуулаад тэнцэж байсан. Дууныхаа шалгаруулалтанд “Манай нутгийн хавар” гэдэг дууг дуулсан.

Ингээд урлагт ороод гайхалтай олон сайхан алтан үеийнхэнтэй нэгэн дор байсандаа би урлагийн тэнгэрт мөргөдөг. Намайг анх шалгасан хүн бол Монголын зууны манлай уртын дууч Ж.Дорждагва гуай, Монголын нийтийн дууны их мастер, найрал дууны багш н.Мияа-Самбуу хоёр байсан бол чуулгад очиход Л.Цогзолмаа багш хүлээж авсан.  Би яг үнэн ярьж байгаа шүү. Тэгээд л зууны манлай уртын дуучин Норовбанзад гуай, Гавьяат жүжигчин Дорждэрэм гуай,  уртын дуучин Лхамжав гуай, Сүглэгмаа гуай, Ардын жүжигчин Түмэндэмбэрэл гуай гээд ёстой дандаа “гуайнууд”, алтан үеийнхэнтэй нэг дор ажиллаж байгаа юм. Ингээд дагалдан жүжигчин болсон. Тухайн үеийн дагалдан жүжигчин гэдэг бол одоогийн СУИС төгсөгчтэй адилхан өндөр боловсрол, ёс суртахуун, гоо сайхан, улс төрийн мэдлэгтэй байхыг шаарддаг. Тийм байж чадахгүй л бол тэгээд хасагддаг. Ингэж л миний урлагийн амьдрал тэр чуулгаас эхэлж тэтгэвэрт гартлаа ажилласан даа.

100 гаруй хүн тэр шалгаруулалтанд орсоноос бид хоёр л тэнцсэн

-Чуулгын өндөр босгыг давна гэдэг тийм ч амаргүй гэж та дээр хэлсэн. Тэгвэл хэдий хэр хугацаанд дагалдан жүжигчин хийсэн бэ. Чихрийн үйлдвэрийн ажилчин хөгжмийн боловсролоо яаж олж авсан бэ?

-Тэгэлгүй яахав. Ингээд чуулгад жүжигчин болчихлоо. Тэгсэн Дуурийн театр одоогийн Дуурь бүжгийн эрдмийн театраас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, нэрт дуучин, нэрт зүтгэлтэн Г.Хайдав багш Москвад сургууль төгсөж ирээд Дуурийн академик театрын дэргэд дуулаачийн сургууль байгуулж байгаа юм. Дахиад хот, хөдөөд шалгаруулалт зарласан. Би л болсон хойно тэнд гүйж явсан. Миний Цоцо багш харин их дурамжхан байсан. Чи яахав тэнд орвол их сайхан дуучин болно, муу багш дээр таарвал хэрээ шиг ч дуучин болно гэж хэлж байсан. Их айхтар, гоц ухаантай. Тэгээд шалгууллаа. Хэдэн өдөр, хэдэн сар явагдсаны дараа 13 хүн шалгарч 12 нь төгсөж байсан юм. Тэр дунд Ардын жүжигчин, Зууны манлай нэрт дуучин Уртнасан, Дуурийн алдарт дуучин Баадайжав, Ерөө багш, Их жанжин Сүхбаатарын дүрд тоглосон Дашнамжил гэх мэт нэртэй хүмүүстэй хамт суралцаж Дуучин, дууны багш мэргэжлээр төгссөн.

Сургуулиа  төгсөөд Үндэсний дуу бүжгийн чуулгадаа хормейстр \найрал дууны удирдаач\-ээр очсон. Амьдралаа эргээд харахаар үнэхээр азтай хүн гэж өөрийгөө боддог. Би өөрийгөө тийм мундаг авьяастай гэж одоо ч хэлэхгүй. Энгийн л нэг хөгжмийн зохиолч. Харин миний багш нар үнэхээр мундаг, тэнгэрээс заяасан их авьяастай хүмүүс байсан даа.

Би өөрийгөө тийм мундаг авьяастай гэж одоо ч хэлэхгүй. Энгийн л нэг хөгжмийн зохиолч

Тиймдээ ч миний зүрх сэтгэлд цэцэг ургуулж, нар цацрааж, хүсэл мөрөөдлийг минь амилуулж өгсөн Монголын их урлаг, Янжинлхам бурханаа шүтэж явдаг.

-Урлагийн хүн байна гэдэг амаргүй ажил, нөр их хөдөлмөр гэж ярьдаг?

Тэгэлгүй яахав. Урлаг гэдэг бол маш их гүн ухаан, шинжлэх ухаан, уйгагүй их хөдөлмөр. Авьяас бол урлаг биш. Тэр бол хүнд өөрт нь тэнгэрээс бэлэглэсэн их хувь заяа. Урлаг бол нөр их хөдөлмөр, их мэдлэг боловсрол, тэвчээр хатуужил гэж би боддог. Ялангуяа манай Ардын урлаг гэдэг бол хамгийн гайхамшигтай тайлагдашгүй, давтагдашгүй, үгээр илэрхийлэмгүй. Ийм л гайхалтай урлагаар хүмүүжсэн хүн дээ.

Авьяас бол урлаг биш

- Та хамгийн анх ямар дуу зохиож байсан бэ. Тэр түүхийг сөхвөл?

-Маш сонирхолтой асуулт байна. Би төгөлдөр хуур их тоглох дуртай. Хичээл завсарлахаар л очоод тоглоод суучихна. Ангийнхан маань тэгэхээр хөгжим нүдээд чи болиоч ээ гэж их уурлана аа. \Инээв\

Ингээд гуравдугаар курсдээ анхны дуугаа зохиож байсан “Миний жаргалан” гэдэг. Манай ангийн Байгаль гэж барьетон хоолойтой хүүхэд гоцлоод манай ангийн охидууд ард нь эмэгтэй хоороор дуулж байсан. Бас миний хамгийн хайртай багш, их урлагийн нэрт зүтгэлтэн Жамцийн Бадраа гуай намайг өөрийн шавиа болгосон. Тэр багштайгаа хамт “Төгсөх оюутны танго”, “Орь залуу нас”, “Улаанбаатарын агаар” гэж дуунуудыг хийсэн.

 “Улаанбаатарын агаар” гэж дууг би Москвад дэлхийн хөгжмийн зохиолчдын уулзалтанд оролцож байхдаа хийж байсан. Тухайн үед “Подмосковные Вечера” гэдэг дууг сонсоод монголд ийм дуу байж яагаад болохгүй гэж бодож байсан. Хүний л мөрөөдөл шүү дээ. Тэр дуугаа н.Хоролсүрэн, н.Дуламсүрэн гээд хоёр хүнээр дуулуулсан. Хэдийгээр мэргэжлийн дуучид биш ч их сайхан авьяастай хүмүүс байсан.

Миний дууг хүмүүс одоо хүртэл дуулдаг болохоор би их бахархдаг. Би дууриас бусад бүх дуун бүтээлийг бичсэн. Дуурь өөрийн гэсэн цомнолтой болохоор их том зохиол шаарддаг. Хэрвээ надад зохиол олдвол би одоо ч гэсэн бичихэд бэлэн.

“Подмосковные Вечера” гэдэг дууг сонсоод монголд ийм дуу байж яагаад болохгүй гэж бодож байсан

-Дууриас бусад бүх төрлийн хөгжмийн бүтээлийг туурвилаа гэж байна. Тэгвэл та өөрийн бүтээлээ тоолж байв уу?

-Дуу, эрэгтэй найрал дуу, эмэгтэй найрал дуу, хүүхдийн найрал дуу, нийлмэл найрал дуу, магтуу гээд 400-500 гаруй бүтээл хийсэн. Гэхдээ хамгийн багаар бодоход л ийм тоо гарна.

-Нисгэгчийн дуу бол яахын аргагүй Монголын ард түмний, ялангуяа нисэхийн алба хаагчдын хайртай дуу болоод 50-иад жил дуулагдаж байна. Энэ дууг яагаад зохиох болсон бэ?

-Нисгэгчийн дууг Үндэсний дуу бүжгийн чуулгад байхдаа бичсэн. Нэг удаа би Завхан аймагт тоглолт хийчихээд оюутнуудаа аваад онгоцоор буцах болсон. Тэгсэн онгоцны үйлчлэгч ‘Таньтай манай нисгэгч уулзая гэж байна” гэж хэлүүллээ. Тэгээд экипажид нь яваад орсон та манай урлагийнхныг аваад явж байгаа хөгжмийн зохиолч, би таны дууг дуулдаг гээд л өнөөх “Миний жаргалан” гэдэг дууг дуулж байна. Тэгээд танилцаад найзууд боллоо.

Нэг удаа “Чи тийм мундаг юм бол нисгэгчийн дуу зохиож өг” гэж байна. Би ч тэгье, би чадна л гэчихлээ. Тэгсэн бүтэн хоёр жил бичиж чадаагүй. Ерөөсөө ая орж ирэхгүй хэцүү байсан. Ямар ч зорилгогүй нисэх явна. Автобусанд суугаад л очоод сууна, өнөөх хэдтэйгээ хамт экипажид нь ороод Хөвсгөл, Увс явна. Ямар ч ажилгүй хирнээ онгоцоор нааш цаашаа явна. Ерөөсөө болдоггүй. Нөгөөдүүл маань ч чи нөгөө дуу зохиох яасан. Чамайг ер нь ямар хөгжмийн зохиолч гэдэг юм гэж ч хэлж байсан. Тэр болгон нь намайг хурцалж байсан.

Тэгсэн бүтэн хоёр жил бичиж чадаагүй. Ерөөсөө ая орж ирэхгүй 

Нэг сайхан өдөр автобусанд суугаад нисэх орох гээд явж байтал онгоц бууж байгаа чимээ гарч байна. Тэгсэн шууд нэг ая ороод ирсэн. Ингээд хөгжмийг нь бичиж эхлүүлээд шүлгээ зохиолгосон. Дуугаа ч бичүүлчихээд нөгөө нисгэгчид дээрээ очоод хэлсэн чинь “Аан за, зохиочихсон уу” гээд нэг их тоодоггүй. Би ч сэтгэл жаахан гонсгор яваад л байлаа. Тэгээд 1970 онд бичүүлээд ралиогоор цацагдсан.

Үүний дараахан Монголын радиогоос над руу ярьж байна. Та Монголын радиогийн хөгжмийн редакц дээр ирэхгүй юу. Таны уран бүтээлийг  танилцуулж өгөөч, яаж бичсэн тухай яриулж өгөөч гээд их захидал ирсэн гэдэг юм байна. Тэгэхэд Булган аймгийн Сайхан сумын малчин Баасанхүү гэж хүн малаа хариулж яваад миний дууг сонсоод захидал бичсэн байгаа юм л даа. “Би малаа хариулж явахдаа их хөгжим сонсоно. Тэгээд энэ Нисгэгчийн дууг сонсоод их гайхсан. Монгол хүн зохиосон юм байхдаа, яаж зохиосныг  нь яриулж өгөөч” гэж бичсэн байсан. Тэгээд л нөгөө хэддээ хэлээд хамт очиж нэвтрүүлэгт оролцсоны дараа миний дуу радиогоор маш удаан явсан.

Олон жил дуулагдсаны дараа энэ дуунд минь зориулж гантиг чулуун хөшөө босгосон

Ингээд маш олон жил дуулагдсаны дараа энэ дуунд минь зориулж гантиг чулуун хөшөө босгосон. Одоо 11 дэх жил нь болж байна.

-Та тэнгэрт их ээлтэй хүн юм аа даа. Олон сайхан бүтээл туурвисан. Одоо ямар бүтээл хийж байна?

-Тийм ээ. Анх хүн төрөлхтөн сансарт нислээ гэж байхад би Юрий Гагарины тухай дуу бичиж байсан. Өөрийгөө ч их гайхдаг юм. Тиймэрхүү үйл явдал болохоор л бичдэг. Хоёр монгол баатар ирлээ гэхэд бас л шинэ дуу бичсэн хамгийн сүүлд Хүүдээ дуулж байна,  Нисгэгчийн гэргийн дуу, Хөлгийн дагина бүсгүй гээд нэлээн хэдэн дуу бичсэн. Ингээд л уран бүтээл их өрнөж байгаа. Одоогоор “Алтанзул” гээд хүүхдийн найрал дууны наадамд миний нэг дуу гуравдугаар шатанд тэнцчихээд явж байна. Удахгүй ээжийн минь 100 насны ой болно. Тэр ойд зориулж нэг сайхан дуу бичсэн бас тайлан тоглолт хийхээр төлөвлөж байна.

-Таны зохиосон дуу бүр монгоын ард түмний сэтгэл зүрхэнд олон зуун дамжин  дуулагдсаар байх болтугай гэдэг сайхан ерөөлийг өргөөд ярилцлагаа өндөрлөе.

- Баярлалаа. Та бүхнийг ирсэн явдалд их баярлаж байна.  60, 70-аад оны амьдарлыг минь дахин шинэ зуунд холбож өгсөнд үнэн сэтгэлээсээ их талархаж байна. Урлаг байгаа учраас л би өнөөдөр амьд яваагаа, би байна гэдгээ,  хүнд хэрэгтэй гэдгээ мэдэрч явна даа.