m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.20 07:18
103
“Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийсэн. Айлчлалаар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзаж, Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан юм.

Айлчлалын хүрээнд 100 мянган дадлагажигч ажилтан Япон улс руу гаргах боломж бүрдсэн юм. Гэтэл Япон руу  10 мянган ажилтан гаргахыг МАН-ын гишүүд эсэргүүцэж, янз бүрийн сөрөг мэдээлэл гаргаад байгаа. Залуус дэлхийн өндөр хөгжилтэй оронд ажиллаж, мэдлэг, туршилга хуримтлуулж, боловсрол мэдлэгтэй болж, эдийн засгийн хувьд ч бэхжинэ. Монгол залуусыг боловсрол, мэдлэг, туршлагатай болохыг МАН-ынхан эсэргүүцэж хоёр орны дээд төвшинд хийгдсэн гэрээ хэлэлцээрийг үгүйсгэж байсан юм.

Тэгвэл өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, иргэдийг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг баталлаа.

Хөтөлбөрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгосон байна. Хөтөлбөрт 18-39 насныхан, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн залуучууд хамрагдах бөгөөд дадлагажигч хүлээн авах улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон тухайн улс орны онцлогт нийцүүлэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх юм. “Сайн дадлагажигч” хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөлмөрийн насны иргэд өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажих, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах, дэвшилтэт техник, технологи, туршлагыг эх орондоо нэвтрүүлэх боломж бий болохоос гадна Монгол Улс гадаад улсын хамтын ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулалт, соёлын солилцоо нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Б.Саран 

эх сурвалж:Ардчилсна намын сонгуулийн төв штаб