m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.20 08:12
118
Өнөөдрийн онцлох үйл явдал

Элсэлтийн ерөнхий шалгалтын жишиг даалгаврын хариу задарсан гэлээ

Энэ сарын 15-19-ны хооронд болж өнгөрсөн элсэлтийн ерөнхий шалгалтын жишиг даалгаврын хариу задарсан гэх мэдээлэл тараад буй. Тэгвэл энэ талаар Монголын сурагчдын холбооны тэргүүн, эцэг эх, багш сурагчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд "шалгалтын материалын хариуг баркод хэлбэрээр хувилан 50 мянган төгрөгөөс таван сая төгрөгөөр худалдаалсан" гэв. Жилийн жилд шалгалтын материал задарсан гэх мэдээлэл гардаг хэдий ч энэ удаагийнх шиг ийм нотолгоотой мэдээлэл гарч байгаагүй юм. Түүнчлэн шалгалтын өмнө хариугаа гарын шуун дээрээ бичиж байхыг нь харсан нэгэн ээж холбогдох хүмүүст нь хэлсэн боловч ямар ч арга хэмжээ авалгүй арилгуулаад шалгалтанд нь оруулсан тохиолдол гарсан гэдгийг ч хэлсэн юм.

Н.Ган-Од: Нара ганцаараа цэнхэр хослолтой юм уу

Ганбууш буюу Н.Ган-Од өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаагийн байгууллагад шалгагдсан талаараа ярив. Түүнийг эмчилгээ хийлгэхээр Солонгос улс руу явахаар нисэх онгоцны буудалд очиход нь цагдаагийн байгууллагаас очиж мэдүүлэг авахаар авч явсан гэнэ. Н.Ган-Од  "Гадагшаа явах гээд онгоцны буудалд очиход цагдаагийн ажилтнууд ирээд аваад явсан. УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст намайг авч очоод тодруулга авсан. Ямар үндэслэлээр намайг шалгаж байгааг ойлгосонгүй. Олон нийтийн сүлжээнд тавигдсан тухайн бичлэгт хэн нэгний гутааж, нэр төрд  нь халдаагүй. Би үзэл бодолдоо үнэнч хүн. Ямар нэгэн зохион байгуулалттайгаар тэр бичлэгийг хийгээгүй. Нара ганцаараа цэнхэр хослолтой юм уу. Монголчууд бүгдээрээ цэнхэр хувцас өмсөж байна" гэлээ. УИХ-д нэр дэвшигч М.Нарантуяа О телевизэд өгсөн ярилцлагын үеэр Н.Ган-Одыг доромжилсон гэж түүний өмгөөлөгч үзэж байгаа бөгөөд М.Нарантуяад Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд заасныг үндэслэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мөн нэр төрийг  нь сэргээлгэх нэхэмжлэл гаргасан гэдгээ дуулгав.

Б.Баатархүү, Бэлэг, эд зүйл тараасан гомдлыг шалгаж байна

Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ирсэн гомдол мэдээллийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнгөрөгч тавдугаар сарын 20-ний өдрөөс 2016 оны зургаадугаар сарын 17-ний өдрийг хүртэлх хугацаанд ирүүлсэн “Сонгуулийн тухай хууль” зөрчсөн болон Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 604 гомдол, мэдээлэл хүлээн авснаас Улаанбаатар хотод 362, хөдөө орон нутагт 242 бүртгэгдсэн байна.

Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшхи гомдол, мэдээллийн 65 буюу 38 хувь нь сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны самбар, зурагт хуудас, ухуулах хуудас, бусад сурталчилгааны материалыг санаатайгаар болон хууль бусаар гэмтээх, устгах, бохирдуулсан гэх зөрчлүүд байна. Сурталчилгааны самбар, зурагт хуудас, ухуулах хуудас, бусад сурталчилгааны материалыг санаатайгаар болон хууль бусаар гэмтээх, устгах, бохирдуулсан гэх гомдол мэдээллийнх ихэнх нь эзэн холбогдогчгүй байх бөгөөд гурван удаагийн энэ төрлийн мэдээллийг хүүхдүүд үйлдсэн болохыг тогтоосон. Мөн бэлэг сэлт, эд зүйл тараасан, дайллага, цайллага хийсэн 65 гомдол мэдээллийг шалгаж байна" хэмээлээ.