m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 01:26
52
З.Энхболд, С.Ламбаа, Д.Дагвадорж нар Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

eae6f340cbe4e9b961ba71d85a7afcd2.jpg

 

УИХ-ын дарга З.Энхболд болон түүнийг дагалдан яваа бусад хүмүүс 16 аймагт очиж иргэд, сонгогчидтой уулзсан бөгөөд Дархан-Уул аймаг 17 дахь аймаг нь болж байна.  “Залуучууд” театрт хуран цугласан иргэд тэднийг алга нижигнүүлэн ташицгааж халуун дотноор угтацгаасан. УИХ болон ИТХ-д нэр дэвшиж буй төлөөлөгчдөө танилцуулснаар уулзалт эхэлсэн юм.

З.Энхболд уулзалтын эхэнд “УИХ-ын сонгуулийн 43-р тойрогт нэр дэвшиж буй М.Сономпил бол туршлагатай улстөрч. Олон жил хийгдэж чадаагүй цахилгаан станцын ажлыг хэдхэн жилийн дотор хэрхэн амжилттай хийж болдгийн жишээг түүний удирдсан Амгалан дулааны  цахилгаан станцын жишээнээс харж болно. Харин 44-р тойрогт нэр дэвшиж байгаа Н.Мөнхдашийн хувьд хувийн бизнесээ амжилттай авч явж олон хүнийг ажилтай орлоготой болгож яваа манай шилдэг бизнесмэний нэг. Гэрээ зассан энэ залууг бид төрөө засах хэмжээнд хүрсэн гэж Ардчилсан нам их итгэл хүлээлгэж байгаа. Хийж бүтээсэн юмтай, Дарханы унаган хүүгээ та нар дэмжээрэй, 45-р тойрогт нэр дэвшиж буй Р.Бурмаа бол шударга, зарчимч, энэ салбарыг аваад удаагүй байгаа ч чадварлаг сайд болохоо харуулсан. Эцэст нь эдгээр 3 нэр дэвшигчээ болон ИТХ-ын төлөөлөгчд нэр дэвшиж буй залуусаа багаар нь дэмжээрэй” гэдгийг онцолж хэлсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн жилүүдэд Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тухайлбал Чингис бондын мөнгийг зам, шугам сүлжээ, цахилгаан станц зэрэг чухам юунд зориулснаа жишээ татан тоочсон. Сүүлийн 30 жил яриад хэрэгжүүлээгүй 3,4-р цахилгаан станцын өргөтгөл, аймгуудын төвүүдийг хоттой холбосон 3800 км автозам, нийслэл хотын гудамж, замын өргөтгөл шинэчлэл, орон сууцны 8 болон 5 хувийн зээлээр 83 мянган айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн зэргээ тоо баримт, зурагтай нь дэлгэцээр үзүүлж танилцуулсан юм. Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж ажлын байр энэ салбарт их гарсныг хэлж байсан. Мөн Чингис бондоос бизнес үйлдвэрлэлийн салбарын 1054 төсөл хэрэгжүүлж эдгээрт хөрөнгө оруулалт хийснээ дуулгасан. Үүнээс Дарханы үйлдвэрүүд ч авсан бөгөөд 3 үйлдвэрээр орж танилцсан байна. Нэхий эдлэлээр гутал хийдэг жижиг үйлдвэр цаашид хүчин чадлаа нэмбэл бүр сибирь рүү ч гаргах боломж байна гэдгийг хэлж байсан. Сайн экспорт, сайн малчин, сайн оюутан гэх мэт хөтөлбөрүүдээсээ жишээ аван тайлбарласан. Жишээ нь оюутан зээл авч сургалтын төлбөрөө төлөх боломжтой бөгөөд ингэснээр ээж аавдаа дарамт болохгүйгээр өөрийнхөө асуудлаа өөрөө шийдээд явах ёстой гэдгийг хэлсэн юм. Мөн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө  танилцуулсан. “Гадуур Япон руу далагажигч гаргах худлаа гэсэн яриа гараад байгаа. Би явсан нь үнэн, гарын үсэг зурсан. Зураг хөрөг баримт нь байна. Тиймээс энэ бол үнэн. Хүн амын тоогоор эхний гуравт байдаг Дарханаас олон залуусыг энэ хөтөлбөртөө хамруулна” гэдгээ хэллээ. Түүнчлэн  1072 хувьцааны мөнгө энэ сарын 20-ноос дансанд тань орно гэдгийг хэлж байлаа. Тэрээр төгсгөлд нь “Бид сонгуулийн сурталчилгааны цөөхөн өдрүүдэд амжиж бүх аймгуудаа тойрохын тулд жижиг оврын  онгоцоор нисч байна. МАН-ынхан биднийг нисдэг тэрэг хөлөглөж, мөнгө үрэн таран хийж байна гэж шүүмжилж байгаа. Энэ онгоц гурван жийпний түлш иддэг. Гол нь цаг хугацаа хэмнэж, ажил амжуулж байгаа учраас энэ онгоцыг их сонирхож байна. Манай Ламбаа энэ чинь яаралтай түргэн тусламжийн үед их зөв унаа байна. Түүнчлэн дотооддоо 100 гаруй суманд бага орын онгоцоор тогтмол нислэг үйлдүүлэхээр бэлтгэж буйгаа хэллээ.

Дараа нь Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа гарч ирж үг хэлсэн юм. Тэрээр Монгол хүн Монголдоо чанартай оношлогоо эмчилгээ авах ёстой. Тиймээс анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан дэлхийн түвшний  эмчилгээг эндээ хийлгэх боломжийг бүрдүүлнэ. Гадаадад өндөр үнэтэй байдаг тухайлбал хавдрыг эсийн түвшинд нь хаана байгааг шинжлүүлж оношлуулахаар гадагшаа их явцгаадаг.   Тэгвэл тэр оношлогоог монголдоо хийх тийм бололцоог бид олгоно. Мөн жил бүр  гадаадад 300 эмч, 600 сувилагчийг гадаад эмч мэргэжилтнүүдийг дагалдуулан төрийн сангаар сургана. Цахим эрүүл мэнд бүрэн хэрэгжиж иргэд эрүүл мэндийн мэдээллийг цаг алдалгүй шуурхай авдаг болно гэх зэрэг эрүү мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх гол ажлуудаасаа сонирхуулсан юм.  С.Ламбаа Дарханаас Н.Мөнхдаш нэр дэвшиж буйд талархаж байна. Энэ залуу Дархандаа элэгтэй. Эмнэлгийн салбар хүнд хэцүү байсан тэр үед аймгийн нэгдсэн эмнэлэгт хоёр ч удаа түргэн тусламжийн машин өгч бас төрөх эхчүүдийн амрах өрөөг тохижуулж өгсөнд бид талархаж явдаг. Тиймээс Н.Мөнхдашдаа амжилт хүсье. Дарханчууд түүнийг сонгоно гэдэгт итгэж байна гэсэн юм.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж хэлэхдээ, УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Япон Улсад ажлын айлчлал хийсэн. Энэ айлчлалаар Монгол Улсын хөгжлийн түүхэнд гайхамшигтай гэрээ хийгдсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон Уул уурхайн яам Япон Улсын холбогдох яамдуудтай санамж бичгийг үзэглэсэн. Гэрээгээр Япон Улсад монголчууд олон мянган дадлагажигчдыг бэлтгэхээр болсон. 1960-1990 он хүртэл хуучнаар ЗХУ руу 100 мянга гаруй инженер болон мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан. Яг энэ жишгээр бид Японд дадлагажигчдаа бэлтгэх гэж байна. Япон Улсад очсоноороо Монгол залуус маань хөдөлмөрч япончуудаас их зүйл сурна гэж энэ ажлыг эхлүүлсэн болохыг тодотгов. Мөн Японд үйлдвэрлэх бүтээгдэхүүнүүдийг Монголдоо үйлдвэрлэж гадагш гаргая гээд өөрийн санаачилсан  түүхий эд авах үйлдвэрийнхээ талаар танилцуулсан юм. Бид өндөр хөгжилтэй Япон улсаас суралцах юм их бий. Бид бас олуулаа болж өсмөөр байна зэрэг Монголоо гэсэн сэтгэл зүрхнийхээ үгээ хэлж байлаа. Эцэст нь тэрээр Ардчилсан намын залуустаа амжилт хүсээд 29-нд баяр хөөртэй уулзацгаая гэсэн юм. Дараа нь нэр дэвшигч Н.Мөнхдаш, М.Сономпил, Р.Бурмаа нар гарч ирж үгээ хэлснээр уулзалт өндөрлөсөн юм.

АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ