m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 03:30
80
Б.Батцэцэг: Үйлдвэрүүд бондын санхүүжилтээр технологио дэлхийн түвшинд хүргэж чадлаа

Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэгтэй ярилцлаа.

- Бондын санхүүжилтээр хөнгөн үйлдвэрийн салбарт ямар ямар ахиц дэвшил гарсан бэ?

- Ахиц дэвшил маш их гарсан. Ноолуурын салбарын 44 үйлдвэр, ноосны салбарын 17 үйлдвэр, оёдлын салбарын 10 гаруй, арьс ширний үйлдвэрийн 30 гаруй үйлдвэрт техник технологийн шинэчлэл хийж чадлаа. Салбар бүрд сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдсэн. Энэ зээлд хамрагдсан салбаруудын хувьд хоёр их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдсэн. Жилийн 34.7 тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас үйлдвэрүүд маань чөлөөлөгдсөн. Үүнээс гадна хамтын нэгдэл, хоршоо ихээр нэмэгдсэн. Үүнийг нэг жишээ бол  сурагчийн дүрэмт хувцсан дээр 138 үйлдвэр хамтарч ажилласан. Ноолуурын салбарт маш их өөрчлөлтүүд гарсан. Жишээ нь “Говь” компани 18 тэрбум төгрөгийн зээл авч маш олон шинэчлэл хийсний нэг нь өөрсдийн үйлдвэрлэж буй даавуугаар оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх том цех ашиглалтад орууллаа. Ингэснээр 2021 он гэхэд пальтоны үйлдвэрлэлээр дэлхийд номер нэг нь болно гэсэн зорилт  дэвшүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэр гэхэд Азидаа анх удаа маш нарийн нягтралтай том машин ашиглалтад оруулж чадсан. Бас Германы ноос угаах машиныг Монголдоо анх удаа суурилуулаад байна.

Ноолуурын салбарын 44 үйлдвэр, ноосны салбарын 17 үйлдвэр, оёдлын салбарын 10 гаруй, арьс ширний үйлдвэрийн 30 гаруй үйлдвэрт техник технологийн шинэчлэл хийсэн

-Ухаалаг даавууны үйлдвэрлэлийг ч бондын санхүүжилтээр эхлүүлсэн байх аа?

-Тэгсэн. ШУТИС-тай хамтарч ухаалаг даавууны үйлдвэрлэлийг эхлүүлсэн.

-Арьс ширний салбарт ч багагүй ахиц гарсан гэж дуулсан...?

- Арьс ширний салбарт дөрвөн гүн боловсруулалтын үйлдвэр байсан бол одоо хорь болсон. Жижиг эдлэлийн үйлдвэр олноор ашиглалтад орлоо

-Гутлын том үйлдвэр бас бий...?

-“Best shoes” гутлын үйлдвэр дамжлагаар жилд 200 мянган хос гутал үйлдвэрлэх болсон нь том дэвшил. Ноосны үйлдвэрүүд Улаанбаатараас орон нутаг руу шилжиж эхэлсэн. Бондын зээл авсан зургаан үйлдвэр зургаан аймагт шинэ үйлдвэр барьж ашиглалтад орууллаа.  Өвөрхангай аймгийн ”Ноос ирээдүй” компани угаах самнах, цаашдаа самнах үйлдвэр барина гээд ажиллаж байна. Энэмэтчилэн олон үйлдвэр бондын тусламжтайгаар өөрчлөлт хийж үйлдвэрлэлээ хөгжүүлж байна.

Гутлын үйлдвэр дамжлагаар жилд 200 мянган хос гутал үйлдвэрлэх болсон нь том дэвшил

-Үйлдвэрүүдийн зээлийн эргэн төлөлт хэр байгаа вэ?

- Хэдий үйлдвэрүүд маань эдийн засгийн хүндрэл болоод санхүүгийн  байдал амаргүй  байгаа ч гэсэн даван туулж байна. Хоёр үйлдвэрээс бусад нь зээлээ хугацаанд нь төлөөд явж байгаа.

Н.Баяр