m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 04:06
56
М.Алтанцэцэг: Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой

Төсвийн тодотгол хийх гэж байгаатай холбогдуулан Үйлдвэрчний эвлэлүүд хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, гурван талт хэлэлцээрт тусгасан төрийн албан хаагчдын 2015 онд олгогдоогүй цалин, хөлсийг нэмэгдүүлэх болон нөхөн олгох шаардлага тавьж буйгаа мэдэгдлээ. Мэдээллийн үеэр Монголын ажилтан, албан хаагчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга М.Алтанцэцэгээс дараах тодруулгыг авлаа.

- Үйлдвэрчний эвлэлүүд Засгийн газарт ямар шаардлага тавьж буйгаа дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

- Хамгийн гол нь УИХ-ын хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулахыг хүсэж байна. Учир нь Үндэсний гурван талт хэлэлцээрээр салбарын болон Улсын хэлэлцээрүүдээр тавьсан олон асуудал гацаанд орлоо. Тиймээс Улсын хэлэлцээр үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд салбарын хэлэлцээр хангагдана гэж байхгүй. Бид хүний амьжиргаатай холбоотой асуудлыг хөндсөөр ирлээ. Гурван талт хэлэлцээрт тусгаснаар төрийн албан хаагчдын 2015 онд олгогдоогүй цалин хөлсийг нэмэгдүүлэх болон нөхөн олгох шаардлагыг тавьж байна. 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс УИХ-ын 108 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар цалин, хөлс нэмэгдүүлэх асуудлыг УИХ-д оруулсангүй. Харин ч Төсвийн тодотголд оруулаагүй хэрнээ тэтгвэрийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ.

Төрийн албан хаагчдын 2015 онд олгогдоогүй цалин хөлсийг нэмэгдүүлэх болон нөхөн олгох шаардлагыг тавьж байна

- Өнгөрсөн хугацаанд Үйлдвэрчний эвлэл хэрхэн ажиллаж. төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг хамгаалж байна?

- Бид улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг харгалзаж жагсаал цуглааныг удаа дараа зохион байгуулсан. Энэ хугацаанд асуудалд хүлээцтэй хандлаа. Ер нь шаардлагатай тохиолдолд Засгийн газар мөнгө гаргадаг юм байна. Тиймээс Засгийн газар цалин, хөлс нэмэх асуудлыг боловсруулж, төрийн албан хаагчдын олгогдоогүй цалинг өгнө үү гэж хүсье. Сүүлийн 3-4 жил цалин нэмэгдсэнгүй. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдэж, валютын ханш өслөө. Бид өнөөдөр хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх, худалдан авах чадварыг хамгаалах чиглэлээр Үйлдвэрчний эвлэл ажилладаг. Хэлэлцээрээр баталсан үүргээ хэрэгжүүлээч гэсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна.  

Сүүлийн 3-4 жил цалин нэмэгдсэнгүй

- Олгогдоогүй байгаа цалин, хөлсийг өгөхөд хичнээн төгрөг шаардлагтай вэ?

- 2015 оны Төсвийн тодотголоор 90 тэрбум төгрөг шаардлагатай. Мэдээж дараагийн асуудлыг шинээр бүрдэх Засгийн газартай нэмэлт хэлэлцээр байгуулна. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Сонгууль нэг л өдөр болно. Гэтэл нийгэм эдийн засгийн бүх асуудлаа хойш тавьж байгаа нь бухимдуулж байна.  

 Сонгууль нэг л өдөр болно