m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 06:46
333
Л.Пүрэвсүрэн: “Дипломат шуудан” гэх наалт нь хуурамч болохыг тогтоосон

Долоо хоног бүрийн мягмар гарагт болдог Гадаад хэргийн яамны "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож өнгөрсөн долоо хоногт болсон гадаад харилцааны онцлох асуудлуудаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Юуны өмнө АСЕМ-ын талаар мэдээлэл өгье. Дээд хэмжээний уулзалт долоодугаар сарын 15, 16-нд болохоос өмнө дагалдах есөн уулзалт болох ёстой. Үүний дөрөв нь амжилттай зохион байгуулагдаад байна. Дараагийн таван хурлын бэлтгэл ажил хэвийн явж байна.

“Дипломат шуудан” гэх наалт бүхий найман хайрцагтай нийт 29,145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдсан

Түүнчлэн та бүхний анхаарлыг хамгийн их татаж байгаа асуудал болох Монгол Улсын хоёр иргэн Москва дахь ЭСЯ-ны дипломат дугаартай машин ашиглан тамхины наймаа хийх гэж оролдсон талаар мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Бид энэ талаар холбогдох байгууллагуудаар дамжуулан тодруулж байна.

Украин Улсын Дьяково боомтын хилийн шалганы албанаас Монгол улсын хоёр иргэн “дипломат шуудан” гэх наалт бүхий найман хайрцагтай нийт 29,145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан тухай мэдээлэл гарсныг нягтлан үзэхэд энэ асуудалд Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр холбогдсон тухай мэдээлэл хүлээн аваад байна.

Д.Дөхөмбаяр нь Худалдааны яамны харьяа “Техникимпорт", “Монголимпекс” нэгдэлд ажиллаж байгаад 2004-2007 онд Будапешт дахь Элчин сайдын яаманд анх томилогдон ажиллаж байсан бөгөөд 2011-2015 онд тус улсад дахин томилогдон ажиллаж байгаад 2015 оны наймдугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарсан юм билээ.

Д.Дөхөмбаяр нь  2015 оны наймдугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарсан юм билээ

Одоогоор хүлээн аваад байгаа мэдээллээр түүнтэй хамт явсан иргэн нь Гадаад Хэргийн Яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй хүн байна.

Эдгээр иргэдийн хилээр нэвтрүүлэхийг завдсан ачаанд наасан “дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоосон.

“Дипломат шуудан” гэх наалт нь хуурамч болохыг тогтоосон

Сүүлийн 2-3 жилд бидний зүгээс энэ төрлийн гэмт хэргийн эсрэг олон арга хэмжээ авсны үр дүнд иймэрхүү хэрэг гараагүй байсан. Энд нэг зүйлийг тодотгоод хэлэхэд манай яамны үндсэн дипломатууд ийм хэрэгт төдийлөн холбогдоод байдаггүй. "Хилээр хийн буу гаргалаа, визний наймаа хийлээ" гэх тохиолдлуудад ихэнх нь үндсэн дипломатууд биш байдаг. Гадаад улсад суугаа ЭСЯ, Консулын газруудад зөвхөн манай яамнаас хүмүүс ажилладаггүй. Бусад яам, газруудаас томилогдон очсон хүмүүс хэрэгт холбогдох нь их байдаг. Ингээд муу нэрийг нь ГХЯ-ны үндсэн дипломатууд үүрдэг.

Нэг зүйлийг тодотгоод хэлэхэд манай яамны үндсэн дипломатууд ийм хэрэгт төдийлөн холбогдоод байдаггүй

Одоогийн байдлаар дипломат паспорт эзэмшдэг 2000 албан паспорт эзэмшдэг 8000 орчим иргэн байдаг бөгөөд эдгээр паспортуудыг аль алиныг нь ГХЯ-наас олгодог" гэсэн юм.