m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 08:08
73
УИХ-ын дарга Баянгол дүүргийн иргэдэд "Сайн хашаа" хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө

f5879efe77cb0e7a23c3b13e7ef6cdf5.jpg

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, НИТХ-ын 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Гомбосүрэн нар өнөөдөр /2016.06.21/ Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийж,  “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Засгийн газрын 2016 оны 312 дугаар тогтоолын хавсралтыг иргэдэд танилцуулав. “Сайн хашаа”  хөтөлбөрт заасан зорилтот бүсэд амьдарч байгаа иргэдийн амины орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэцтэй болгох зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

“Сайн хашаа” хөтөлбөрт оролцох хүсэлтэй хүмүүс албан ёсоор хүсэлтээ ирүүлсэн байх ёстой, газар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байх ёстой бөгөөд “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд олгогдсон хөнгөлөлттэй зээлийг зориулалтын дагуу ашиглахаар тусгагдсан байна.  Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэд “Шинэ шийдэл”нөхөрлөлийг үүсгэж, дахин төлөвлөлтөд орсон бол 11 дүгээр хорооны иргэд нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй, асуудлыг тал бүрээс нь судалж байгаагаа хэлж байв.

Уулзалтын үеэр иргэд асуулт асууж, хариулт авав. Жишээлбэл,  11 дүгээр хорооны Засаг дарга н.Эрдэнэтуяа Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх шийдлийн талаар асуулаа. Харин хорооны иргэдийн хувьд Ардчилсан намын мөрийн хөтөлбөртэй бүгд сайн танилцсан бөгөөд дийлэнх нь “Сайн хашаа” хөтөлбөрт орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

УИХ-ын дарга хэлэхдээ, хамгийн чухал нь иргэд хичнээн олноороо нэгдэн хоршоолол, нөхөрлөл үүсгэх  тусам иргэдээс гарах зардал багасна. Ингэхийн тулд өмнө нь дээрх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэн Хан-Уул дүүргийн “Нарлаг буянт ухаа” болон Баянгол дүүргийн “Шинэ шийдэл” нөхөрлөлөөс ойрын хугацаанд иргэд туршлага солилцон, нэгдсэн шийдэлд хүрч, архитектураар зураг төсөл гаргуулан журмын дагуу явах ёстойг хэлж байв. Иргэд дахин төлөвлөлтөд орох эсвэл “сайн хашаа” хөтөлбөрт оролцоод явах эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй болохыг хэлж байв.

Тус дүүрэгт НИТХ-ын 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Гомбосүрэн  уулзалтын үеэр хэлэхдээ, өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргийн хороо бүрт нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлууд хийгдсэн бөгөөд ажлаа үргэлжлүүлэн +5 төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэв. Ингэснээр сайн дурын нийгмийн ажилтан хөтөлбөрийг үргэлжлүүлэн, хэрэгжүүлж бусдын асрамжинд байдаг өндөр настан иргэдийг асрах,  тэдэнд нийгмийн халамжийн үйлчилгээг цогцоор нь хүргэх ажлыг хийхээр төлөвлөжээ. Мөн 50-иас дээш насныхныг ажлын байраар хангах зорилгоор нийслэлээс зохих ажлуудыг хийхээр төлөвлөсний нэг нь “2 дахь залуу нас” хөтөлбөр буюу 50-иас дээш насныхныг ажлын байраар хангах хөтөлбөр юм хэмээн Ардчилсан намын Сонгуулийн штабаас мэдээлэв.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб