m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 00:10
60
УИХ-ын дарга эмч нарын төлөөлөл болон иргэдтэй уулзлаа

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт нэр дэвшигч З.Энхболд өнөөдөр /2016.06.21/ эмч нар болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж, мөрийн хөтөлбөрт орсон асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, өнгөрсөн хугацаанд УИХ эрүүл мэндийн чиглэлээр олон чухал хуулийг баталлаа. Монгол хүн монголдоо чанартай эмчилгээ, үйлчилгээ авдаг байх бололцоог бүрдүүлэх нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт орсон. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь чухал ач холбогдолтой. Иргэд чанартай тусламж, үйлчилгээ авахын тулд өмнө нь ихэнх зардлыг өөрсдийнхөө түрийвчнээс гаргадаг байлаа. Харин шинэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлаа гаргуулах боломжтой болсон зэрэг шинэ хуулийн зохицуулалтууд болон мөрийн хөтөлбөрт орсон эрүүл мэндийн салбарт хийж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөв.

Үүний дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх дөрвөн жилд хийх мөрийн хөтөлбөрт орсон ажлуудаа танилцуулав. Өнгөрсөн хугацаанд ганц тулгууртай эдийн засгийг олон тулгууртай болгох ажлуудыг эхлүүлсэн. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийг иргэдэд олгосноор 82 мянган хүн шинэ байртай болсны зэрэгцээ малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн зээлийг олгох ажлуудыг хийсэн. Энэ хугацаанд 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлсэн байна гэлээ. Мөн  2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан бол 2016 онд үргэлжлүүлэн тавьж буй 1,284 км замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

                                                                    Гадаадад биш монголдоо эмчлүүлнэ

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт үндэсний оношилгоо эмчилгээний төв, АШУҮИС-ийн шинэ эмнэлэгийг ашиглалтад оруулахаар заасан байна. Бүх аймагт оношилгоо эмчилгээний төвийг байгуулж дуусгахаар мөрийн хөтөлбөрт тусгасан байгааг уулзалтад ирсэн иргэдэд танилцуулав. 

                                                           Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын чиглэлээр хийх ажлууд

Залуучуудын эрхийн тухай шинэ хуулийг боловсруулан, баталж, “МОНГОЛ ЗАЛУУ ХҮН” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн ахмад настны эрхийг хангаж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжсэн эрх зүйн орчинг сайжруулахаас гадна тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр заасан байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 3 удаа буюу 2013, 2015, 2016 онд тус тус тэтгэврийг нэрлэсэн үнээр нэмэгдүүлсэн. Өнөөдөр тэтгэврийн дундаж нь 306 мянган төгрөг болсон байна.

                                                              Хүнсний ногоог 100 хувь дотоодоосоо хангана

Мөн төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг эрчимжүүлж, дотоодын хэрэгцээгээ 100% дотоодоосоо хангана.Ингэснээр эрүүл аюулгүй хүнсээр хангагдсанаар өвчлөл буурна гэлээ. Мөн нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 мВт-аар нэмэгдүүлснээр, 163 мянган айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрдээд байна. Ардчилсан нам “Таван сайн” хөтөлбөрийг мөрийн хөтөлбөртөө тусгасан.Мэргэжлийн боловсрол эзэмшсэн буюу МСҮТ-д суралцаж байгаа Монгол оюутнуудыг өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажуулж, мэдлэг ур чадварыг нь сайжруулах болон нийт 100 мянган дадлагажигчийг хамруулах эрхзүйн орчинг бүрдүүлэх талаар мэдээлэл өгөв.

Иргэдийн төлөөлөл  хэлэхдээ, өнгөрсөн хугацаанд эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төвд өмнө нь байгаагүй томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн, эмч мэргэжилтнүүд олон удаа гадаадад туршлага солилцох чиглэлээр явж, мэргэжил дээшлүүлсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нүүр царай эрс өөрчлөгдсөн, зарим эмчилгээ, үйлчилгээ гадаадын өндөр хөгжилтэй орны түвшинд хүрсэн гэдгийг уулзалтын үеэр хэлж байв. Мөн эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйлчилгээнд олон төрлийн чухал шинжилгээ хийх тоног төхөөрөмж нэвтэрсэн, анагаахын удамшилзүйн чиглэлээр ололттой он жилүүд байв. Жишээ нь, өмнө нь гадаадад өгдөг байсан шинжилгээнүүд буюу шинээр төрөх хүүхдээ эрүүл эсэхийг цусны шинжилгээ өгч  урьдчилан мэддэг  шинжилгээг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийдэг болсон нь өнгөрсөн 4 жилд эрүүл мэндийн салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалтын зөвхөн нэг жишээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хувьд өнгөрсөн 4 жил их ажлын их бүтээн байгуулалтын жил байсан, биднийг ийм шинэчлэл хийх боломж олгосон та бүхэнд баярлалаа хэмээн хэлж байв. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб