m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 01:13
138
О.Лхагвадорж: Бондын мөнгөөр цементийн гурав, ган төмрийн хоёр үйлдвэр ашиглалтанд орно

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадоржтой ярилцлаа.

-Бондын санхүүжилт хийгдсэнээр барилгын үйлдвэрийн салбарт ямар ахиц дэвшил гарсан бэ. Том үйлдвэрүүд ашиглалтад ороод эхэллээ.

-Чингис бондын ачаар шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан  томоохон төслүүд амжилттай хэрэгжсэн. Цементийн гурав, ган төмрийн хоёр үйлдвэр ашиглалтад орох гэж байна. Барилгын материалын үйлдвэрийн 200 гаруй төсөл  зээл авахаар материалаа ирүүлсэн гэхээр манай салбарт хэрхэн нөлөөлснийг төвөггүй харж болно.

-Бондын санхүүжилтээр өмнө нь хийдэггүй байсан бүтээгдэхүүнээ ч хийдэг болсон байх шүү...?

-Тэгсэн, жишээ нь цементийг 100 хувь дотоосоо хангадаг болно гэдэг үнэхээр амжилт. Ханын материалын зарим түүхий эдийг хийж чаддаггүй байсан. Хийдэг боллоо. Хуванцар хоолойн найман үйлдвэр ажиллаж байна. Цонх, хаалганы үйлдвэр олон байгаа ч бондын  санхүүжилтээр гурван компани цонх хаалга хийдэг бэлдэцийг дотооддоо үйлдвэрлэдэг боллоо шүү дээ.

-Бондын санхүүжилтээс өмнө барилгын салбар импортын хамааралтай байсан. Импортын хамаарлаасаа салж чадсан уу?

-60 орчим хувь нь импортын хамаарлаас салсан. Бондын санхүүжилт барилгын салбарт маш их хэрэгтэй байна. Засгийн газар анхааралдаа авч илүү  сайн дэмжих хэрэгтэй гэж бодож байна. Тэгж байж үйлдвэр хөгжинө.  Барилгын материалын салбарыг аж үйлдвэрийн салбар руу чиглүүлж  өгөх хэрэгтэй. Импортын түүхий эдийг гааль, хураамжаас чөлөөлөх хэрэгтэй байна. Тэгвэл ашигтай ажиллах боломж бүрдэнэ.

Н.Баяр