m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 03:42
254
Ц.Бумцэнд: Эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж заншихад төрийн оролцоо чухал

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөр “Чиглэл” ХХК-ийг онцоллоо. Өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болохоор зорин ажиллаж буй тус хамт олон салбартаа хэдийнэ орон зайгаа бүрдүүлээд амжжээ. "Чиглэл" компанийн ерөнхий захирал Ц.Бумцэндтэй уулзаж ярилцлаа. 

- "Чиглэл" компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн импортын бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан ч дотооддоо эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн байна?

-Манай компани анхандаа нийтийн хоолны тоног төхөөрөмж гээд 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж худалдаалдаг байсан. Харин олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж эхэлснээр дотооддоо баялагийг бүтээх, үндэсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх нэг том боломж гарч ирсэн. Нэгэнт эх орондоо үйлдвэрлэж байгаа учраас чанартай бүтээгдэхүүнийг хийх ёстой. Манай бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнээс эдэлгээний хувьд илүүгээс гадна, олон үйлдлийг нэг тогоонд шингээж өгсөн нь том давуу тал юм. 

-Одоо хэчнээн ажилчинтай вэ?

-Үйлдвэрийн 30 гаруй ажилчинтай. Таван салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна.ОХУ, БНХАУ-аас нийтийн хоолны зориулалтын тоног төхөөрөмж оруулж ирж нийлүүлэн, худалдаалах тэдгээрийн засвар үйлчилгээг чанартай хийх, сэлбэг хэрэгслээр хангах зэргээр мэргэжлийн инженер техникийн чадварлаг баг ажиллаж ирлээ.Ажилчид маань дагалдангаар бие дааж сурсан. Хятад улсад мэргэжил дээшлүүлэх курст давхар сургасан байгаа. Ихэвчлэн  хөдөөний хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүн ч бий.

-Бүтээгдэхүүнүүдээсээ танилцуулаач?

-Бид шөлтэй хоол хийх, цай чанах, ус буцалгах, мантуу, бууз жигнэх, сүү хөөрүүлэх 50,80, 100, 130 литрийн тогоог өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэн угсарч импортыг орлож байна. Энэ нь гадагш гарах мөнгөний урсгалыг хаах,ажлынбайр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний тоог өсгөх, өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнтэй болох зэрэг олон талын ач холбогдолтой. Энэ зорилтыг манай компани голлох үйл ажиллагаагаа болгон ажиллаж байна.

-Танай бүтээгдэхүүнд худалдан авагчид ам сайтай байдаг юм байна лээ?

-Тэгэлгүй яахав. Бид  бүтээгдэхүүнээ брэнд болгох зорилготой ажиллаж байна. Мөн манай компани жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2008" олон улсын үзэсгэлэн яармагт оролцож, МҮХАҮТ-аас  “Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч" хүндэтөргөмжлөл хүртсэн. Мөнчанарын шаардлагад нийцсэн шинэ санаа, шинэлэг технологитой тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлж, байнга хамтран ажилладагт талархаж,Монголынүндэсний түргэн хоолны сүлжээ “Хаан бууз" кафегаас бидэнд хүндэт өргөмжлөл олгосон.

-Дотоодод үйлдвэрлэсэн нийтийн хоолны тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэргийг хэр их худалдан авч хэрэглэдэг вэ?

-Эх орондоо үйлдвэрлэсэн олон үйлдэлт нийтийн хоолны тоног төхөөрөмжийг дотоодын нийтийн хоолны газрууд, сургууль, цэцэрлэг мөн албан байгууллагууд худалдан авч хэрэглэх хандлага өссөн. Анх үйлдвэрлэж байхад импортын бүтээгдэхүүнийг илүү сонгодог байсан. Харин манай бүтээгдэхүүнийг илүү ажил хөнгөвчилсөн, олон үйлдэлтэй, цахилгаан зарцуулалт бага, хямд үнэтэй зэрэг олон давуу талыг олж харсан хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг өргөнөөс хэрэглэх болсон. 

-Импортын бүтээгдэхүүнээс илүү эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээнд нийлүүлэх ажилд төрийн үүрэг бас чухал шүү дээ?

-Хувийн сургууль, цэцэрлэгүүд манай бүтээгдэхүүнийг худалдан авч байна. Харин төрийн сургууль, цэцэрлэгт эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж заншихад төрийн оролцоо чухал. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төр худалдан авах хууль, Засгийн газрын тогтоол гарсан. Аж үйлдвэрийн яамтай болсоноор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хуулиуд олноор гарч байна.