m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 03:50
114
Аж үйлдвэрийн хөгжлийг зургаан тулгуур бодлогоор тодорхойлж байна

Ардчилсан нам аж үйлдвэрийг бүх талаар дэмжин хөгжүүлэх үе шаттай бодлогынхоо ололт амжилтад тулгуурлан 2020 он хүртэлх хугацаанд Монгол Улсын аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого, стратегиа тодорхойлж байна. Энэ бодлогоо аж үйлдвэрийн хөгжлийн эрх зүйн орчин, суурь аж үйлдвэр, хөнгөн ба хүнсний үйлдвэр, хөрөнгө оруулалт ба экспорт, технологи ба инноваци, хүний нөөц гэсэн 6 тулгуур бодлогоор тодорхойлж байна.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ БОДЛОГО

2.1 Монгол Улсын аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбарын бүтцийг олон тулгуурт болгох, өндөр технологи, нано-технологи, инновацийн бодлогоор тэтгэх эрх зүйн орчинг бий болгоно.

2.2 Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилготой тусгай сангуудын зарцуулалт, орлогын бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтад мэргэжлийн холбоод, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлнэ.

2.3 Нэгдэн орсон олон Улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд гааль, тарифын механизмыг ашиглан үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлогыг хэрэгжүүлнэ.

2.4 Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ангиллыг оновчтой тодорхойлж, баялаг бүтээгчдийн бодит хэрэгцээнд үндэслэн төрөөс зорилтот дэмжлэгээр хангана.

2.5 Үйлдвэрлэл, технологийн парк, шинжлэх ухаан технологийн парк, хүнд аж үйлдвэрийн цогцолборуудын эрх зүйн орчинг шинэчлэн, эдийн засгийн тооцоо, үр өгөөжид үндэслэн инженерийн дэд бүтцийн хамт цогц хэлбэрээр байгуулна.

СУУРЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

2.6 Монгол Улсдаа ган, зэс, нүүрс-хими, нефтийн гэсэн дөрвөн чиглэлийн суурь аж үйлдвэрүүдийг тухайн бүс, аймгийн онцлог, байгалийн нөөцөд тулгуурлан үе шаттайгаар 2020 он хүртэл хугацаанд байгуулна.

2.7 Аймаг сумын онцлог, газар зүй байршил, түүхий эдийн нөөцөд тулгуурлан Монгол Улсын бүх суманд “Нэг сум – Нэг үйлдвэрлэл” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2.8 Төрийн худалдан авалтын бодлогыг үндэсний аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний дотоодын зах зээл дэх борлуулалтыг дэмжихэд чиглүүлнэ.

2.9 Баруун бүсийн аймгуудад барилгын материал, цементийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж дуусгана.

2.10 Говийн бүсийн аймгуудад нүүрс хими, нефть, зэс, төмрийн хүдрийн орд болон усны нөөцөд тулгуурлан зохих байршилд хүнд аж үйлдвэрүүд, тэдгээрт шаардлагатай дэд бүтцийг бүтээн байгуулж дуусгана.

2.11 Зүүн бүсэд нефтийн нөөц, дэд бүтцэд тулгуурлан 300.0 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг дэд бүтцийн хамт 2020 онд барьж ашиглалтад оруулна.

2.12 Машин, механизм, тээврийн хэрэгсэл, уул уурхай, хөдөө аж ахуй, зам, барилгын тоног төхөөрөмж ба бусад төрлийн металл хийцийн эд ангийн үйлдвэрлэлийг кластерын зарчимд тулгуурлан хөгжүүлнэ.

2.13 Машин, механизмын угсралт, үйлдвэрлэлийг татварын урт хугацааны бага, тогтвортой орчин, гэрээний бодлогоор дэмжиж хөгжүүлнэ.

2.14 Хэнтий аймгийн Бор-өндөр суманд жилд 2.3 сая тонн газрын тос боловсруулах, 120.0 мянган тонн зэсийн цэвэршүүлэх үйлдвэрийг 2020 онд барьж ашиглалтад оруулна.

2.15 Дархан-Сэлэнгийн бүсэд жилд 500 мянган тонн шууд ангижруулсан төмөр, 350 мянган тонн ган үйлдвэрлэх хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт барьж 2020 онд ашиглалтад оруулна.

2.16 Орхон аймагт жилд 100 мянган тонн ширэм, 100 мянган тонн металл хийц үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг 2020 онд барьж ашиглалтад оруулна.

2.17 Сайншандад жилд 3 сая тонн хүртэл хүчин чадалтай нүүрс химийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах ажлыг эхлүүлнэ.

2.18 Говийн бүсийн аймгуудад нар, салхины эрчим хүчний цахилгааны станцыг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар байгуулна.

2.19 Мэдээллийн технологи, харилцаа холбооны хамрах хүрээг тэлж, орон нутагт өндөр хурдны интернэтийн сүлжээг өргөтгөнө.

2.20 Монгол Улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгож, бэхжүүлнэ.

2.21 Төрийн бизнес процессийн ре-инженеринг хийнэ.

2.22 Цахим засгийг хөгжүүлнэ.

2.23 Төрийн үйлчилгээг дотоодын мэдээллийн технологийн компаниудад тулгуурлан үзүүлнэ.

 

ХӨНГӨН БА ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГО

2.24 Төв, хангайн бүсийн аймгуудын газар зүйн онцлог, байгалийн нөөц, дэд бүтцийн нөхцөл, зах зээлийн багтаамжид нийцүүлэн тохирох байршилд хөнгөн, ба хүнсний үйлдвэрүүдийг хөгжүүлнэ.

     

АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЭКСПОРТЫН БОДЛОГО

2.25 Сум хөгжүүлэх сангийн үр өгөөжийг дээшлүүлнэ. Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 800 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй болгоно. Үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийн хэмжээг 200.0 тэрбум төгрөгт хүргэж экспортын үйлдвэрлэлийг дэмжинэ.

2.26 Уул уурхайн бус экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулна.

2.27 Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, батлан даалтад хамрагдах бололцоог өргөтгөх хүрээнд батлан даалтыг 2 тэрбум төгрөг хүртэл, эргэн төлөлтийг 5 жил болгоно.

2.28 Шинээр бизнесээ эхэлж буй иргэнд зориулан гарааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлнэ. Бодлогын хүрээнд зээлийн батлан даалтын сангаар дамжуулж урт хугацаатай, бага хүүтэй үйлдвэрийн хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болгоно.

2.29 Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад худалдааны нэг цонхны бодлого хэрэгжүүлж, төрөөс экспортын худалдааны компаниудыг дэмжинэ.

2.30 Нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэж, арьс шир, ноос ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэнэ.

2.31 Орон нутагт “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк”-уудыг байгуулах ажлыг эрчимжүүлж, олон улсын стандартын шаардлага хангасан, экспортын чиг баримжаатай экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

2.32 Мал аж ахуй, фермерийн бүс нутаг, аймгуудыг түшиглэн хуурай сүү боловсруулах үйлдвэр, аймгуудад цөцгийн тос болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг бодлогоор дэмжинэ.

2.33 Барилгын материалын үйлдвэрлэлийг төрөлжүүлэн цемент, төмөр хийц, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана.

2.34 Байнгын ажиллагаатай хилийн боомтууд, олон улсын нисэх буудлыг түшиглэсэн чөлөөт бүсүүдийн төлөвлөлт, дэд бүтцийг байгуулж дуусган, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг өргөжүүлнэ.

ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН БОДЛОГО

2.35 Төр болон шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нийт аж үйлдвэрийн экспортын 2.5 хувьд хүргэнэ.

2.36 Нано-технологи, био-технологи өндөр технологи нэвтрүүлж, нутагшуулсан болон инноваци шингэсэн экпортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжинэ.

2.37 Дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан боловсруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг санхүүгийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

2.38 Үйлдвэрлэлийн технологид сэргээгдэх эрчим хүч ашиглах, хаягдал усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэж, дахин ашиглах технологийн хэрэглээг урамшуулна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

2.39 Үндэсний инженерүүдийн тэтгэлгийн сан байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

2.40 Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн онолын мэдлэг, практик чадварыг танхимын бус орчинд тэтгэх зорилгоор Үйлдвэрийн дадлага хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2.41 Гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн иргэдийн үйлдвэрлэл эрхлэх бүтээлч санал санаачлагыг дэмжих, тэдний мэдлэг туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.

2.42 Аж үйлдвэрийн салбарт мэргэжлээрээ ажиллаж буй иргэдэд тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлнэ. Тогтвортой ажлын байраар хангах асуудлыг үйлдвэржилтийн бодлоготой уялдуулан шийдвэрлэнэ.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб