m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 04:09
213
"Бөртэ Чоно" хөшөөний нээлт боллоо

Жил бүрийн зургаадугаар сарын 23-нд олон улсын Олимпийн өдөр тохиодог. Олимпийн хөдөлгөөн үүссэн энэхүү баярт өдөр дэлхийн улсууд Олимпийн  медальт тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Олимпийн өдрийн тохиолдуулан монголын тамирчдын билэг тэмдэг болсон "Бөртэ Чоно" хөшөөний нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд МҮОХ-ны удирдлагууд, Олимпийн наадмын медальт үе, үеийн тамирчид, багш дасгалжуулагчид оролцлоо.

1948 оны нэгдүгээр сард Санкт-Морицед болсон Олон улсын олимпийн хорооны 42 дугаар чуулганаар жил бүрийн зургаадугаар сарын 23-ныг олимпийн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гарсан түүхтэй. 1964 оны Токиогийн наадамд  оролцож Олимпийн хөдөлгөөнд нэгдсэн тэр цагаас хойш хоёр алт, есөн мөнгө, 14 хүрэл медалийг манай тамирчид хүртжээ. 

Олимпийн мөнгөн медальт, МУГТ, Хөдөлмөрийн баатар З.Ойдов

Жил бүрийн энэ өдрийг дэлхийн 206 орон тэмдэглэж Олимпийн медальтнуудаа алдаршуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд манай орон анх удаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр Риогийн олимпод оролцохоор бэлтгэлээ базааж байна. Мөн тамирчдын билэг тэмдэг болсон "Бөртэ чоно" хөшөө нээлтээ хийлээ. Тамирчид маань бэлтгэл сургуулилтаа базааж энэ удаагийн олимпод төрийн дууллаа дахин эгшиглүүлээсэй гэж хүсэж байна. Миний хувьд одоогоос 40 жилийн өмнө Монреалын олимпийн наадамд оролцож мөнгөн медаль хүртэж байсан нь саяхан мэт санагдаж байна. Бид бүхний залгамж халаа болж яваа залуу тамирчдадаа амжилт хүсье.

 

Бээжингийн Олимпийн аварга Э.Бадар-Ууган

Хүн төрөлхтнийг нэгтгэж чадсан Олимпийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү баярт өдөр "Бөртэ Чоно" хөшөөний нээлт боллоо. Бээжингийн олимпод оролцож алтан медаль хүртэж аварга гэдэг эрхэм хүндтэй алдарыг хүртсэндээ баярлаж явдаг. Бид бүхний залгамж халаа болсон олон тамирчид энэ буухиаг цаашдаа үргэлжлүүлэн авч явах болно. Энэ жилийн хувьд манай улс олон төрөлд тамирчдаа сойж байна. Нийт тамирчдадаа Риогийн олимпод амжилт дүүрэн оролцоорой гэж ерөөе.