m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 06:10
90
“Торгоны зам”-ыг тохижуулж байна

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн таван тэмээ цувран алхаж яваа орон зайн баримал барьсан. Энэхүү баримлыг нохойгоо дагуулсан морьтой хүн, жингийн есөн тэмээ цувран алхаж байгаагаар барималчид нэмж урлан байршуулж орчныг нь тохижуулж байна. Тохижилтын ажлын хүрээнд 120 м2 талбайд явган хүний хавтан суурилуулж, 300 м2 талбайг зүлэгжүүлэн, 80 шар хуайс, хоёр хайлаас, 28 голт бор мод тарьж, шинээр зургаан сандал, зургаан хогийн сав, гурван чулуужсан мод байршуулж, хашлагыг нь будан бүрэн тохижилт хийнэ.

Нохойгоо дагуулсан морьтой хүн, жингийн есөн тэмээ цувран алхаж байгаагаар барималчид нэмж урлан байршуулж байна
 

Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь  350, урт нь 520, өргөн нь  260 см хэмжээтэй  байх юм. Ази Европын орнуудын зочид төлөөлөгчид явах замд байрлаж буй энэхүү цогцолбор нь Монгол орны соёл, нүүдэлчин ард түмний онцлогийг дэлхий нийтэд харуулах ач холбогдолтой. Жингийн цуваанд яваа тэмээдийг өөр өөрийн онцлог бүхий хөдөлгөөнөөр алхаж байгаагаар дүрслэх бөгөөд уран барималч Ё.Далх-Очир урлаж байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.