m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 03:00
147
Уул уурхайн аврах ангийнхан баяраа тэмдэглэж байна

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын харьяа Уул уурхайн аврах ангийн түүхт 65  жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Тус анги нь анх 1951 онд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар Уулын аврах команд нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Улмаар 1960 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Уулын цэрэгжүүлсэн аврах анги нэртэйгээр, 1995 онд Газрын хэвлийн тухай хууль батлагдсанаар Уул уурхайн аврах алба нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон байна.

Харин 2014 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн Уул уурхайн аврах тусгай салбар, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 80 дугаар тогтоолоор ОБЕГ-ын Уул уурхайн аврах анги болж төрийн тусгай албанд нэгдсэн юм.

Тус ангийн албан хаагчид 65 жилийн түүхэн хугацаанд 1.564 хүний амь насыг уулын үйлдвэрийн ослоос авран хамгаалж, 19.580 цэгт хий, тосны урьдчилан сэргийлэх шинжилгээний сорьж хийж, уулын нурал, усны цөмрөл, гал түймэр, хорт хийн ялгарал зэрэг 400 гаруй ослын газарт ажиллажээ. Тус анги нь одоо Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан бодлогын баримт бичиг, холбогдох эрхзүйн акт зэргийг удирдлага болгон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах зорилт тавин ажиллаж байна.