m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 05:29
183
Ю.Идэрцогт: Бүртгэл болон япон хэлний сургалт үнэ төлбөргүй байх юм

 

 Япон улсад дадлагажигчаар ажиллах сонирхолтой иргэдийн Япон хэлний сургалтын бүртгэл зургадугаар сарын 23-наас аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эхэллээ. Энэ тухай албан ёсны мэдээллийг өнөөдөр Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт өглөө.

Тэрбээр “УИХ-ын даргын Япон улсад 2016 оны зургадугаар сарын 1-3-нд хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг" байгуулсан.

 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 341 дүгээр тогтоолоор “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг баталж  энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан юм. Энэ төв нь Монгол Улсын иргэдийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад дадлагажигч ажилтнаар илгээх, олон улсын байгууллага, гадаадын томоохон нийгэмлэг, ажил олгогчтой гэрээ, хэлэлцээр байгуулах чиг үүрэгтэй.

“Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Япон улсад дадлагажигч илгээх ажлыг зохион байгуулахаар болсны дагуу Хөдөлмөрийн яамны зүгээс Японд дадлагажигч ажилтан илгээх бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулж, нарийвчилсан төлөвлөгөө гарган ажилласнаар бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууслаа.   

Манай улсаас 1992-2015 онд 4252 иргэн Японд дадлагажигчаар  ажилласан бөгөөд өнөөдрийн байдлаар Японы томоохон үйлдвэрүүдэд 600 гаруй монгол залуус ур чадварын дадлагажигчаар ажиллаж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэх үр өгөөж, цар хүрээг нэмэгдүүлэхэд хоёр улсын хооронд байгуулсан санамж бичиг, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сайн дадлагажигч” хөтөлбөр чухал ач холбогдолтой. “Сайн дадлагажигч” хөтөлбөрт хамрагдаж Япон улсад дадлагажих иргэдийн хувьд мэргэжлийн ур чадвар, ажлын арга барил, ажилд хандах хандлагаа сайжруулах боломж бүрдэх бөгөөд “Токио-2020” зуны олимпийн бүтээн байгуулалтын ажил, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд оролцож, хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой.

           “Сайн дадлагажигч” хөтөлбөрт хамрагдаж Японд дадлагажигчаар ажиллах хүсэлтэй иргэдэд 18-39 насны, мэргэжлийн тодорхой ур чадвартай байх, япон хэлний мэдлэгтэй байх гэсэн шаардлага тавигдаж буй юм. Тиймээс Хөдөлмөрийн яам бүртгүүлсэн иргэдэд зориулан япон хэлнээс гадна Японы хууль эрх зүй, нийгэм, соёлын талаарх сургалтыг зохион байгуулахаар болж сургалтын тусгайлсан хөтөлбөрийг баталсан. Сургалтыг тус яамны харьяа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг түшиглэн зохион байгуулах бөгөөд анги танхим, багшлах боловсон хүчний асуудлыг ч шийдсэн нэг үгээр бүртгүүлсэн иргэдийг сургалтад хамруулах бэлтгэл ажил хангагдсан гэсэн үг. Тиймээс Японд дадлагажигчаар  ажиллах хүсэлтэй хүмүүс харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэст энэ сарын 28-ныг дуустал хугацаанд хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспорт, мэргэжлийн ямар нэг түвшний ур чадвартайг батлах диплом, мэргэжлийн үнэмлэхийг эх хувиар нь болон хуулбартай авч очин бүртгүүлэх боломжтой юм” хэмээн ярьсан юм.

Түүнээс гадна тодорхой ур чадвартай иргэн нь мэргэжлийн үнэмлэх байхгүй тохиолдолд Хөдөлмөрийн яамны дэргэдэх Үнэлгээний төвөөр шалгуулан мэргэжлийн үнэмлэх шууд авч болно. Мөн огт мэргэжилгүй иргэн нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр давхар мэргэжил эзэмшингээ Япон хэлний сургалтанд хамрагдах боломжтой гэдгийг онцоллоо.

Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Яг ямар мэргэжлийн хүмүүсийг явуулах вэ?

-“Сайн дадлагажигч” хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, дадлагын хугацаа дууссаны дараа тухайн орны ноу-хау, техник технологийг нэвтрүүлэх замаар эх орондоо үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Тиймээс энэ зорилгынхоо дагуу л иргэдээ явуулж дадлагажуулна.

Бүртгэл, сургалт аль аль нь үнэ төлбөргүй байна. Хэлний сургалт гурван сарын хугацаанд үргэлжилнэ.

-Японд хэчнээн хүн явуулах боломжтой вэ. Гадуур янз бүрийн тоо яригдаад байна?

-Бид энэ удаа ямар нэг тоо огт яриагүй. Японы зүгээс манайд хэчнээн хэмжээний ур чадвартай мэргэжилтэн хэрэгтэй байна тэр тоогоор бэлтгэх боломжтой гэсэн. Тиймээс зарим нэг сайтад арван мянга, 100 мянга гэхчилэн тоо гараад байгаа нь бодитой мэдээлэл биш гэдгийг хэлье.  

-Бүртгэлийн хураамж авах уу. Япон хэлний сургалтын хугацаа болон төлбөр нь хэд байх вэ?

-Сургалтын хувьд бид хэлний сургалтыг ирэх наймдугаар сар гэхэд эхлүүлж гурван сарын хугацаатай явуулахаар сургалтын хөтөлбөрийг боловсруулж баталсан. Бүртгэл, сургалт аль аль нь үнэ төлбөргүй байна. Хэлний сургалт гурван сарын хугацаанд үргэлжилнэ.  

-Японд газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн эрсдэлт үзэгдэл их болдог газар. Тиймээс иргэдээ амь насны болон гэнэтийн ослын даатгалд хамруулах уу?

-Япон хүний эрхийг дээд зэргээр дээдэлдэг улс. Тэнд дэлхийн олон улс орноос дадлагажигч ажилладаг бөгөөд хуулийн дагуу бүгд осол эрсдлийн даатгалд хамрагддаг. Манайх ч бас яг энэ жишгийн дагуу бүх зүйлийг хийнэ. Түүнээс гадна тэнд ажиллаж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг хариуцсан чиг үүрэг бүхий Хөдөлмөрийн атташег Япон дахь Монголын ЭСЯ-нд ажиллуулахаар болсон. Хөдөлмөрийн атташегаар удирдуулсан баг ажиллах бүтцийг ч бий болгож орон тоог нь батлуулсан байгаа.